ОХУ эрчим хүчний экспортын төлбөрийг зөвхөн рублиэр авахыг В.Путин үүрэгджээ

ОХУ-аас “Найрсаг бус харилцаатай” орнуудад нийлүүлж байгаа байгалийн хийн төлбөрийг зөвхөн рублиэр авахыг Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч Путин холбогдох албаныхандаа үүрэгджээ.  Тэрээр цаашид стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн төлбөр тооцоог ч  мөн зөвхөн  рублиэр авах журмыг боловсруулж байгаа талаар мэдэгдсэн байна

Өрнөдийн орнууд ОХУ-ын гадаад валютын нөөцийг битүүмжилсэн нь ийм арга хэмжээ авахад хүргэж байгааг Владимир Путин тайлбарласан байна.

“Найрсаг бус харилцаатай орнуудад” нийлүүлдэг байгалийн хийн төлбөрийг Оросын мөнгөн тэмдэг болох рублиэр авах арга хэмжээг аль болох богино хугацаанд хэрэгжүүлэхээр шийдсэн байна. Европын холбоо, АНУ-д нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүний төлбөрийг доллар, еврогоор авах нь учир дутагдалтай гэж Владимир Путин хэлжээ. Түүнчлэн цаашид хөдөө аж ахуйн болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортын төлбөрийг мөн зөвхөн рублиэр авах журмыг боловсруулж байгааг ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэн байна.

Үүнтэй холбогдох дүрэм журмыг долоо хоногийн дотор боловсруулахыг Төв банк болон Засгийн газартаа даалгасан байна.

Украины хямралтай холбоотойгоор сүүлийн нэг сарын хугацаанд Өрнөдийн орнууд ОХУ-ын эсрэг олон төрлийн хориг арга хэмжээ аваад байгаа юм. Тодруулбал, АНУ, Европын холбоо болон тэдний холбоотнууд санхүүгийн системээсээ Оросын банкнуудыг салгаснаар ОХУ-ын гадаад валютын 300 тэрбум ам.доллартой тэнцэх нөөц битүүмжлэгдээд байгаа юм.

Одоогоор АНУ-ын засаг захиргаа, их британи, япон зэрэг улсууд оросын газрын тос, байгалийн хийн импортод хориг тавьсан бол европын холбооны орнууд үргэлжлүүлэн импортолсоор байгаа юм байна.