Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, ОХУ-д авсан хориг арга хэмжээ нь олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тасалдахад хүргэсэнтэй холбоотойгоор ган төмрөөр хийсэн барилгын материалын үнэ Японд сүүлийн 13 жилийн дээд хэмжээнд хүрч өслөө гэж тус улсын сангийн сайд мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор Япон улсад хаягдал төмрийн эрэлт, нийлүүлэлт хязгаарлагдмал болоод байгаа юм байна.
Тус улсын сангийн сайдын мэдээлснээр, Японы томоохон барилгын компаниуд барилгын материалынхаа үнийг 10 хувиар нэмжээ. Тухайлбал, барилгын салбарт өргөн хэрэглэгддэг ган төмрөөр хийсэн дам нурууны үнэ нэг тонн нь одоогийн ханшаар 1000 орчим ам.доллар болж өссөн байна. Түүнчлэн барилгын карказад ашигладаг ган арматурын үнэ 15 орчим хувиар нэмэгджээ. 2020 онд дэлхийн гангийн экспортын 20 орчим хувийг Орос, Украин эзэлж байсан. Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдал болон тус улсад эхлүүлсэн “түрэмгийллийн” дараа ОХУ-д авсан хориг арга хэмжээний улмаас нийлүүлэлтэд үүссэн асуудал улам нэмэгджээ. Тэгвэл барилгын бусад материалуудыг мөн өндөр үнээр худалдан авахад хүрч байгаа гэжээ. Японы Төв банкнаас гаргасан барилгын материалын бараа бүтээгдэхүүний үнийн тайланд дурдсанаар мод, ган зэрэг барилгын материалын индекс өнгөрсөн 2-р сард 124 нэгжээр өссөн нь урьд хожид байгаагүй дээд үзүүлэлт болжээ.