Монголчуудын тансаг зэрэглэлийн машин хэрэглээ өндөр байгааг 2020, 2021 онуудад импортолсон суудлын автомашины тоогоор баталгаажуулж болно. Зөвхөн Ланд-300 автомашинаар л жишээ авъя. ГЕГ-ын статистикийн мэдээллээр 2021 онд Ланд-300 маркийн автомашин 515 ширхэг импортолсон бол 2022 он гарсаар 3-р сарын 23-ны байдлаар 111 ширхгийг импортолжээ. Монголд орж ирсэн энэ төрлийн автомашин 188-293 сая төгрөгөөр худалдаалагддаг.
Сангийн сайдын мэдэгдсэнээр зөвхөн энэ төрлийн машины импортод Монголчууд жилд дунджаар 500 сая ам.доллар буюу 1.4 тэрбум төгрөг зарцуулдаг. Харин энэ он гарснаар 1.3 тэрбум ам.долларын импорт хийгдсэний 55 хувийг нефтийн бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулсан бол 6.8 хувийг суудлын автомашины импортод зарцуулжээ.
Суудлын автомашин импортлоход гаалийн албан татвар, онцгой албан татвар, НӨАТ төлдөг. Тэгвэл 50-100 мянган ам.долларын үнэтэй 1 автомашин импортлоход төлөх 3 төрлийн татвар дунджаар 35.1 сая төгрөг бол 100 мянган ам.доллараас дээш үнэтэй 1 автомашиныг импортлоход нийт төлөх татвар 68.3 сая төгрөг байна.
Зөвхөн 2022 он гарснаас хойш 3-р сарын 23-ыг хүртэлх хугацаанд импортолсон 50.000-100.000 ам.долларын үнэтэй 182 суудлын автомашины нийт татвар 6.3 тэрбум төгрөг, 100.000 ам.доллараас дээш үнэтэй 18 автомашины нийт татвар 1.2 тэрбум төгрөг болжээ.