Байгаль орчин, соёлын уялдаагаар дамжуулан эдийн засгийг бүтээлчээр тэлэх боломж манай улсад байна. Сүүлийн хоёр жил орлогогүй, уналтад байсан Аялал жуулчлалын салбарын орлого он гарсаар өссөн үзүүлэлттэй гарчээ. Шинэ сэргэлтийн бодлогод Аялал жуулчлалыг 2021 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэхээр зорьж байна.
Аялал жуулчлалын салбарын хамгийн өндөр өсөлттэй жил нь 2019 он байлаа. Харин цар тахалтай үеийн сүүлийн жилд буюу 2021 онд дотоодын аялагчдын тоо өмнөх жилүүдээсээ өссөн байна. Хэдийгээр өссөн үзүүлэлттэй ч амралтын газар, баазуудад үйлчлүүлэх нь ховор. Ихэвчлэн майхан, машиндаа хоногложээ. Тиймээс цаашдаа аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ цогц байдлаар буюу соёл уламжлалтайгаа холбон дэлгэрүүлэх нь оновчтой гэдгийг мэргэжилтнүүд үзэж байна.
Арвин баялаг өв уламжлал, ёс заншил, соёлын онцлог, байгалийн өвөрмөц дүр төрхтэй эх орноороо монголчууд бид бахархдаг. Гэхдээ соёлын өвөө сэргээх, хайрлан хамгаалах, дэлхий нийтэд таниулан сурталчилж, өөрсдийн нөөц, бололцоонд тулгуурлан соёлын үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх гэдэг бол бахархахаас тэс өөр ойлголт. Өөрөөр хэлбэл, бид бахархлаа эдийн засгийн эргэлтэд оруулж “бодитой” болгох зайлшгүй шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Нийгмийг соён гэгээрүүлэхээс гадна баялаг бүтээх боломж бүхий шавхагдашгүй нөөцтэй соёл, урлагийн салбарын боломж, нөөцийг нь илрүүлэн гаргах нь чухал. Түүнчлэн асар өрсөлдөөнтэй олон улсын зах зээлд өөрийн гэсэн байр сууриа олж авахын тулд тооцоо, судалгаа тактиктай ажиллах ёстой гэдгийг салбарын төлөөлөл үзэж байна.