Хятадын өмнөд нутгийн Гуанси мужид өнгөрсөн даваа гарагт осолдсон “Eastern Air Lines” компанийн зорчигч тээврийн нисэх онгоцны хар хайрцгийг пүрэв гарагт олсон талаар тус улсын Иргэний нисэхийн удирдах газрын нислэгийн ослыг мөрдөн шалгах төвийн дарга Мао Яньфэн мэдээлжээ.
Түүний мэдээлснээр “Хар хайрцаг ноцтой эвдэрсэн байсан. Мөрдөн шалгах баг үүнийг нислэгийн мэдээллийг хадгалдаг хар хайрцаг уу, дуу хураагуур уу гэдгийг тогтоохоор ажиллаж байна. Бид нөгөө хар хайрцгийг ч мөн ойрын хугацаанд олж, мэргэжлийн лаборатори руу илгээнэ хэмээн найдаж байна” гэжээ.
Нисэх онгоц осолдох үед цаг агаарын хэм хэвийн байжээ. Мөн нисэх баг, агаарын хөдөлгөөнийг хянах албаныхны хоорондын харилцаа холбооноос үзэхэд нисэх онгоц Куньмин хотоос хөөрснөөс хойш гэнэт өндрөө алдах хүртэл харилцаа хэвийн үргэлжилсэн байна.
“Boeing 737” нисэх онгоцыг “China Eastern Air Lines” компани 2015 оны зургаадугаар сарын 22-нд хүлээн авчээ. Нисэх онгоц даваа гарагт нислэгт гарахаасаа өмнө засвар үйлчилгээний стандарт болон нислэгт тэнцэх чадварын шаардлагыг хангасан байсныг тус компанийн Юннань муж дахь салбарын дарга Сунь Шин мэдээлжээ.
“Нисэх багийн бүрэлдэхүүний хувьд нэг ахмад, хоёр туслах нисгэгчээс бүрдсэн. Нисгэгчид бүгд хүчинтэй хугацаа бүхий нисгэгчийн үнэмлэх, эрүүл мэндийн гэрчилгээтэй, эрүүл саруул, нислэгийн бүрэн туршлагатай байсан. Мөн гэр бүлийн хувьд асуудалгүй байсныг бидэнд цугларсан мэдээлэл харуулж байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.