Оросын ард түмний дунд нэр хүндтэй улс төрч гэгддэг Анатолий Чубайс ерөнхийлөгчийн зөвлөхийн албан тушаалаасаа чөлөөлөгдөж эх орноосоо явсан талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Анатолий Чубайсын ажлаасаа чөлөөлөгдөж, эх орноосоо явсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков баталсан байна. Украинд дайны ажиллагаа явуулж байгаа Кремлийн эрх баригчидтай санал зөрөлдсөн нь түүний явах гол шалтгаан болсон гэж эх сурвалжууд мөн мэдээлжээ. Чубайс нь ерөнхийлөгч Борис Ельциний үед “Хувьцааг зээлээр өгөх” схемийг санаачилснаараа алдаршсан хүн юм. Одоо түүнийг Туркийн Истанбул хотод байгаа гэсэн мэдээлэл байна. Тэрбээр гэр бүлийн хамт АНУ-ыг зорих төлөвлөгөөтэй байгааг ойр тойрных нь хүмүүс хэвлэлийнхэнд мэдээлжээ. Анатолий Чубайс 1991 оноос хойш ОХУ-ын төрийн олон албан тушаалуудад тасралтгүй ажиллаж байжээ. Түүнийг либерал үзэлтэй, Оросыг өрнөдийн эдийн засагтай Интегралчлах бодлого баримталдаг гэж шинжээчид үздэг байна.
Тэгвэл Чубайс-аас гадна ОХУ-ын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина албан тушаалаасаа огцрох хүсэлтээ тус улсын ерөнхийлөгч Владимир Путинд гаргасан талаар мэдээлж байна. Өрнөдийн орнуудын эдийн засгийн хориг, хөрөнгө оруулагчдын орхин гарч буй хоосон орон зайг хэрхэн нөхөх зэрэг эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах олон хүнд даалгавруудтай нүүр тулж байгаагаа тэрээр мэдэгдээд цаашид хэрхэн энэхүү амаргүй үеийг даван туулах талаар туршлага дутаж байгаагаа илэрхийлсэн байна. Үүний хариуд Владимир Путин түүнийг ажлаасаа огцрох хүсэлтийг түр хойшлуулах буюу хүлээж авахаас татгалзаж түүнийг дахин таван жилийн хугацаатай албан тушаалд нь нэр дэвшүүлжээ. 2013 оноос хойш Оросын Төв банкны тэргүүнээр ажиллаж буй Эльвира Набиуллина дахин томилогдох хүсэлгүй байгаа гэдгээ мэдэгдээд энэ шийдвэрийг нь буруутгахгүй байхыг хүсчээ. Тэгвэл “Bloomberg” агентлаг үүнийг “Өдгөө 58 настай Оросын эдийн засагч эмэгтэй огцрохыг хүссэн ч Путин үүнийг нь урвалт гэж үзэх болно. Мөн дайны улмаас Төв банкны ажилтнууд арга мухардсан байдалтай байна” хэмээн онцолжээ.
Санхүүгийн үйл ажиллагаанд тавьсан хязгаарлалт болон барууны компаниуд оросын зах зээлээс татгалзаж байгаагаас үүдэн тус улсын эдийн засаг 10 хувиар агшиж, инфляц нь 20 хувьд хүрэх төлөвтэй байгааг олон улсын шинжээчид мэдэгдэж байна. Оросын рублийн ам.доллартай харьцах ханш огцом буурч, нэг рубль нэг Америк Пеннитэй тэнцсэн бөгөөд тус улсын амьжиргааны өртөг сүүлийн нэг сарын хугацаанд 20 хувиар нэмэгдээд байгааг “Bloomberg” онцлон мэдээлсэн байна.