Монгол улс 46 боомттой ч экспорт, импортын ачааны 90 хувь нь 3 боомтоос л хамааралтай

Монголын эдийн засгийн чуулганы хүрээнд хийгдэж байгаа урьдчилсан 5 дахь  хэлэлцүүлэг өнөөдөр зохион байгуулагдаж байна. Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Боомтын сэргэлтийн асуудлаар өнөөдөр хэлэлцэж байгаа юм. Боомтын сэргэлтийн хүрээнд нийт 6 багц, 44 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хөл хориотой байх үеэр боомт ямар чухал үүрэгтэй болохыг экспорт, импорт хэрхэн хязгаарлагдсан гэдгээс харж болно. Тиймдээ ч хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийн нэгдүгээрт боомтын асуудал эрэмбэлэгдэж байна. Тодруулбал, манай улс 46 боомттой ч 27 нь л идэвхтэй үйл ажиллагаатай. Үүн дотроо экспорт, импортын ачааны 90 хувь нь 3 боомтоос л хамааралтай. Мөн  логистикийн хүчин чадал сул бөгөөд экспортод зарцуулах бүсийн дундаж цаг 57.5 цаг байхад Монгол улсын дундаж цаг 2.5 дахин өндөр буюу 134 цаг байна.

Боомтын шинэчлэл үйлдвэрлэгчээс хэрэглэгч хүртэлх цогц үйл ажиллагааг хамаарах юм байна. Үүнд, боомтын хатуу дэд бүтэц буюу үндсэн байгууламж, зам талбай, эрчим хүч, харилцаа холбоо, тоног төхөөрөмж, логистикийн терминал агуулах,  боомтын зөөлөн дэд бүтцийн ажилд цахимжуулалт, хүний оролцоог багасгах, боомт хүртэл тээврийн дэд бүтцийн ажилд төмөр зам, хүнд даацын авто замын ажил, тээвэр зохион байгуулалтын ажилд гүний гааль, ачиж буулгах терминал, олборлолт овоолго, тээврийн терминал, агуулах байгуулах зэрэг ажил багтжээ. Эдгээр ажлыг хэрэгжүүлэхэд нийт 28.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдана. Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд хууль, эрх зүйн орчныг бий болгож, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Одоогоор Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулсан бол Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал ашиглалтад оруулах ажил 80 гаруй хувьтай байна. Харин Замын-Үүд, Алтанбулаг боомтын шинэчлэлийн ажил 50 хувьтай үргэлжилж байгаа юм байна.