ДЭМБ-аас жилд 1 хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирна гэж үздэг

2050 он гэхэд манай улсын хүн ам 5.3 саяд хүрэх тооцоолол бий. Тэгвэл өнөөдөр байгаа “Манай улсын насанд хүрсэн хүн амын 6,2 хувь буюу нийт 90 гаруй мянган хүн архины донтолттой” гэсэн тоон үзүүлэлт улам цааш үргэлжлэн нэмэгдсээр байвал 2050 он гэхэд архины хамааралтай хүмүүсийн тоо, нас баралт тус тус хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолж байна.

Иргэн “Б” сүүлийн 10 жил тасралтгүй согтууруулах ундаа хэрэглэж байгаа юм байна. Тэрээр долоо хоногт тогтмол 2-3 удаа архи, пиво хэрэглэдгээс болж өнөөдөр нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй болж амь нас нь дээсэн дөрөөн дээр байна. Энэ мэтчилэн архины хамааралтай хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Монгол улсын 21-ээс дээш насны нэг хүнд жилд 55 литр согтууруулах ундаа ногдож байна. Үүний 12 литр нь цэвэр спирт эзэлж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээ нь 7 литр давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад аль хэдийн аюулын харангын дохио бий болжээ.

Судалгаагаар бие махбодын архийг задлах чадварт их хэмжээний ачаалал үүсдэг. Уусан архийг задалж чадахгүй буюу дутуу задалсан үед архинаас 60-70 дахин хоруу чанар өндөртэй, дэгдэмхий чанартай ацетилальдегид гэх хорт бодис үүсч улмаар уураг тархинд нөлөөлж, сэтгэцийн эмгэг, донтох хамаарлыг үүсгэдэг. Монгол хүмүүсийн 30 гаруй хувьд архи задалдаг ферментийн ген байхгүй, ферментийн хэмжээ Европ хүмүүсээс 3.5 дахин бага болохыг тогтоожээ.

Архины зохисгүй хэрэглээний талаар олон жил ярьсан ч өнгөрсөн хугацаанд архидалтыг бодитоор багасгах арга хэмжээ авч чадсан эсэх, бодитоор судалсан эсэх, судалгаанд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлсэн эсэхийг юун түрүүнд авч үзэх нь чухал юм.