Эмэгтэйчүүдийн дунд архидалт 3 дахин нэмэгдсэн байна

Архидалт нь нийгэмд бодит аюул болж байна, болохгүй байгаа хэмээн мэргэжлийнхэн мэтгэлцэж,  төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй алгуурлаж байх зуур улс орныг ирээдүйд авч явах үр хүүхдүүдийг төрүүлж, сайн иргэдийг хүмүүжүүлэх үүрэгтэй эмэгтэйчүүдийн маань архидалт гурав дахин нэмэгджээ гэсэн тоо эрхгүй цочирдуулж байна.  Сүүлийн гурван жилийн судалгаагаар өсвөр үеийнхэн, эмэгтэйчүүдийн дунд архидалт 2-3 дахин нэмэгдсэн нь нийгмийн стресс, гэр бүлийн таагүй харилцаа, орчин нөхцөлөөс үүдэлтэй нь судалгаагаар тогтоогджээ.  

Баримт дурдахад Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2020 онд 14 настай хүүхэд архи хэтрүүлэн хэрэглэснээс бэртэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн байна. Тухайн хүүхэд өөрийгөө хянах чадваргүй, согтолтын зэрэг гуравдугаар шатлалд  хамаарч байжээ. Энэ бол зөвхөн нэг эмнэлгийн жишээ. ГССҮТ-д согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн бэртэж гэмтсэн, архины хордлогын шинжтэй ирж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг залуус эзэлдэг гэж байна. Сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 48960 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ГССҮТ-д хандан эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ.

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Толгойтын арван буудалд байрлах Наркологийн эмнэлэгт жилд 2000-2500 хүн хэвтэн эмчлүүлдэг. Сүүлийн үед хэвтэн эмчлүүлэх эмэгтэйчүүдийн тоо өссөн байна. Тухайн эмнэлэгт өмнө нь архины хамааралтай 3-5 эмэгтэй л хэвтэн эмчлүүлдэг байсан бол энэ тоо 20 хүрчээ. Мөн сүүлийн хоёр жилийн хугацаанд тус эмнэлэгт архины хамаарлаас үүдэн давтан эмчилгээ хийлгэж байгаа гэлээ.

Нийт хүн амын согтууруулах ундааны хэрэглээг ажиглахад, эмэгтэйчүүд 53.5 хувь, эрчүүд 46.5 хувийг эзэлж байна. Мөн судалгаанд дурдсанаар архидалтаас үүдэлтэйгээр, гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий болж, маргаан дэгддэг. Гэр бүлийн аль нэг гишүүн согтууруулах ундаа хэрэглэснээр хүүхдийн хүмүүжил, боловсрол, үзэл хандлагад сөргөөр нөлөөлдөг гэсэн дүн гарчээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт архины хордлогод ирэх хүмүүсийн тоо ч өссөн байна.

Судалгаагаар эмэгтэйчүүдийн дунд яагаад архины хэрэглээ өссөн шалтгааныг гэр бүлийн таагүй байдал, хүчирхийллээс үүдэн сэтгэл санаагаа засах нэрийдлээр уудаг гэж таван эмэгтэй тутмын хоёр нь хариулжээ. Тиймээс нийгэмд архины хор уршгийг таниулахад анхаарах шаардлагатай байгааг эмч хэлж байна.