Эмэгтэйчүүдийн дунд архины донтолт хоёр дахин нэмэгджээ

Амьдралд хөл алдан, бор дарсны хамааралтай болж, тогтмол эмчилгээ хийлгэж байгаа нэгэн байхад хорт зуршлаасаа салж, амьдралаа бүрэн өөрчилж чадсан залуу ч бас байна. Өнөөдөр бид архины хэт хамааралтай болж гэр бүл, үр хүүхдээ орхин тогтмол эмчилгээгээ хийлгэж байгаа эмэгтэй болон архинаас гараад 15 жил болсон залууг онцоллоо.  

Архинд донтсон эмэгтэй сүүлийн 4 жил архи тогтмол хэрэглэснээс архины хэт хамааралтай болжээ. Түүнд нөлөөлсөн хүчин зүйл нь гэр бүлийн таагүй байдал, хамт олны уур амьсгалаас үүдэн сэтгэлээ засах гэснээс архины хамааралтай болсон байна. Наркологийн эмнэлэгт давтан эмчлүүлж байгаа юм. Хэдийгээр архины хамааралтай ч түүнд олон мөрөөдөл бий.  

Архи дахиж амсаагүй, амьдрал ахуйгаа дээшлүүлж, шинэ бизнесээ эхлүүлсэн гэдэг үгийг цөөн сонссон байх. Тэгвэл хорт зуршлаас татгалзаж, амьдралаа бүрэн өөрчилсөн залуу бол Ш.Амартүвшин. Түүний хувьд одоо 6 хүүхдийн аав, халамжит хань. Мөн хорт зуршилтайгаа тэмцэж байгаа хүмүүст итгэлийн зөвлөгч нь болж яваа залуу. Тэрээр архинаас татгалзахаар шийдсэн бол хамгийн эхлээд найзын хүрээллээ өөрчлөх, сэтгэл зүйтэйгээ ажиллахад нь чухал гэдгийг зөвлөлөө.

Улсын, хувийн байгууллагууд ямар ч баярыг архитай холбодог. Тэр олон баярыг архитай тэмдэглэх шаардлага бий эсэхэд эргэж харах хэрэгтэй. Мөн архи ууж байж тайвширч, зовлон шаналлаа мартах зэрэг өрөөсгөл ойлголтоосоо хамгийн түрүүнд салах хэрэгтэйг судлаачид хэлж байна.