Манай улсын насанд хүрсэн 90 орчим мянган хүн архинд донтох эмгэгтэй

Манай улсад архи согтууруулах ундааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа. ДЭМБ-аас жилд нэг хүнд ногдох спиртийн дундаж хэрэглээг 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Тэгвэл манай улсад нэг хүнд ноогдох спиртийн хэмжээ 12 литрт хүрээд байна. Өөрөөр хэлбэл манай улсын насанд хүрсэн хүн амын 6.2 хувь нь буюу 90 орчим мянган хүн архинд донтох эмгэгтэй байна. Мөн тус байгууллагаас мэдээлснээр дэлхийд жилд 3 сая, 1 минутад 6 хүн архины хэтрүүлэн хэрэглээнээс болж нас бардаг байна.  Харин манай улсын тухайд архины зохисгүй хэрэглээнээс шалтгаалж жилд 4,500 хүн архины шууд болон шууд бус хамааралтай байдлаар нас барж байна. 

Хүн амын архины хэрэглээг бууруулах зорилгоор манай улс олон ч удаа архидалттай тэмцэх төсөл хөтөлбөр боловсруулж, архинд донтсон хүмүүсийг албадан эмчилж, “Архи бол амьдралын дайсан” гэх утгатай уриа лоозонтой аянг тоо томшгүй их зохион байгуулсан. Гэсэн хэдий ч дотоодын зах зээлд согтууруулах ундааны үйлдвэрлэлийн хэмжээ 2008 онд 58.6 сая литр байснаа 2018 оны 131.9 сая литр болж 2.2 дахин нэмэгджээ. Тиймээс бид ядуурал, ажилгүйдэл, нийгмийн ялгаа, зэргийг бууруулж архины суурь шалтгаануудтай тэмцэх хэрэгтэйг эрүүл мэндийн байгууллагууд анхааруулж байна. Мөн залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газруудыг нэмэгдүүлэх, согтууруулах ундааны маркетинг, сурталчилгаа болон борлуулалтыг зохицуулах, эрүүл мэндийн нэгдсэн мэдээллийн санг сайжруулах шаардлагатай байна.