Манай улс 2000 онд шинэчлэн найруулж, удаа дараа нэмэлт, өөрчлөлт оруулсан “Архидан согтуурахтай тэмцэх” тухай хуультай. Хуулийг хэрэгжүүлээд 20 гаруй жил болж байгаа ч хууль, эрх зүйн орчныг шинэчлэх цаг үеийн шаардлага тулгараад байгаа юм. Хэдийгээр Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны 3-р сард өргөн барьж, Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжээд 1 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл эцэслэн батлагдаагүй байгаа юм.
- Хуулийн төсөлд тусгаснаар, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдрийг сар бүрийн 1-ний өдөр, Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах болон санал авахын өмнөх, дараах өдөр хориглоно гэжээ.
- Мөн 21 нас хүрээгүй, эсвэл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна.
- Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн гудамж, талбайд байрлаж байгаа авто тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.
- Үүнээс гадна архидан согтуурахтай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, архидан согтуурсан этгээдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах, донтох өвчний хор уршигтай тэмцэх Засгийн газрын санг байгуулна гэж хуулийн төсөлд тусгажээ.
Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн статистик мэдээллээр согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг жин дардаг. Тодруулбал, 2020 онд 4855 хүн гэмт хэрэгт согтуугаар холбогдсон бол 2021 онд 4842 бүртгэгдсэн бөгөөд 60-70 хувь нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байжээ. 2021 онд осголтын улмаас 59 хүн нас барснаас 17 нь согтуу байсан бол архины хордлогын улмаас 2021 онд 203 хүн хорвоог цаг бусаар орхисон гээд зөвхөн архины шалтгаантайгаар сүүлийн 2 жилд 500 орчим хүн нас барсан. Мөн баяртай зэрэгцэн архидалт нэмэгддэг гэдэг. Тэгвэл зөвхөн 2021 оны 12-р сард шинэ жилийн баяртай зэрэгцэн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 500 гаруй бүртгэгдсэн нь 2020 оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй хэргээр өсчээ.
Архинаас үүдэлтэй асуудал иймдээ тулж, 20 гаруй жилийн өмнө батлагдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэх цаг үеийн шаардлага тулгарсан.
Уг нь засгийн газраас 2021 оны 3-р сард “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Яг жилийн өмнөх энэ үед ХЗБХ-ны хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн удаатай.
Ямартаа ч 20 гаруй жилийн өмнө батлагдаж, удаа дараа нэмэлт өөрчлөлт оруулсан хуучин хуулиа яаралтай шинэчлэх, олон асуудлын суурь шалтгаан болсон архины чиглэлээр бодлогын зохицуулалт хийх шаардлагатай байна.