Олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ буурчээ 

Олон улсын хөрөнгийн биржийн даваа гарагийн арилжаа хаагдах үед нэг баррель “Брент” маркийн газрын тосны үнэ өмнөх хоногоосоо 8 ам.доллароор буурч 106 ам.доллар болжээ. Газрын тосны хэрэглээ болон импортоор дэлхийд тэргүүлэгч Хятад улсад “ковид-19”-ийн халдварын тархалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хэд хэдэн томоохон хотуудад хатуу хөл хорио тогтооcон нь газрын тосны үнэд нөлөөлж байна гэж шинжээчид мэдэгджээ. 

Хятад улсад өдөрт дунджаар 15 сая баррель газрын тос хэрэглэдэг байна. Харин томоохон хотуудад нь хэрэгжүүлж буй хөл хорионы дэглэмийн улмаас газрын тосны хэрэглээ үлэмж хэмжээгээр багасжээ. Мөн Бээжин газрын тосыг зөвхөн юаниар худалдаж авах хүсэлтэй байгаа гэдгээ олборлогч улсуудад хэдийн мэдэгдсэн төдийгүй зарим өрнөдийн эдийн засгийн хоригт өртсөн газрын тос экспортлогч улсууд Хятадын зах зээлийг сонирхож эхэлсэн нь үнэ унахад нөлөөлсөн байна. 

Гэвч Орос Украины мөргөлдөөн хурцадсанаар гол түүхий эдүүд хомсдож, дэлхийн хэмжээнд инфляцын дарамтыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгааг шинжээчид анхааруулжээ.