Мягмар гарагт Туркийн Истанбул хотод Орос, Украины төлөөлөгч нар хэлэлцээ хийсэн нь асуудлыг шинэ үе шатанд аваачих эхлэл болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл Оросын төлөөлөгч нарын тэргүүн, ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский хэлэлцээг үр дүнтэй болсон талаар баталжээ.
Оросын төлөөлөгчдийн тэргүүн Мединскийгийн хэлснээр, Истанбулд болсон хэлэлцээнд Украины талаас “ойлгомжтой, тодорхой байр суурь” илэрхийлсэн гэжээ. Киевийн саналыг ойрын үед хэлэлцэж, ОХУ-ын ерөнхийлөгчид танилцуулсны дараа Москва хариугаа өгнө. Орос улс "Мөргөлдөөнийг намжаах хоёр алхмыг улс төр, цэргийн талбараар хийж байна”. Нэгдүгээрт, тус улс хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг түргэтгэхийг санал болгожээ. Анх Гадаад хэргийн яамны түвшинд гэрээ байгуулсны дараа л удирдагчид уулзана гэж төлөвлөж байсан бол одоо энэ хоёр уулзалтыг нэгэн зэрэг зохион байгуулах төлөвтэй байна. Хоёрдугаар алхам нь Оросын цэргүүд Киев болон Черниговын чиглэлд байлдааны ажиллагаагаа эрс багасгана гэжээ. Уг чиглэлд байлдааны ажиллагааг хэрхэн багасгах нь одоогоор тодорхойгүй байна.
Төлөөлөгчид Истанбулаас буцаж ирсний дараа ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штаб дэлгэрэнгүй мэдээлнэ. Гэхдээ Мединскийгийн хэлснээр, энэ нь цэргийн ажиллагааг бүрэн зогсооно гэсэн үг биш юм. Тэгвэл Крым, Севастополийг Украины бүрэлдэхүүнд хүчээр буцаан нэгтгэх эрмэлзлээсээ татгалзах байр суурийг Киев илэрхийлсэн байна. Украины тал саналдаа мөн үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлэх, байрлуулахаас татгалзах, мөн нутаг дэвсгэрт нь гадаадын цэргийн бааз байрлуулахаас татгалзах зэргийг оруулжээ. Украин улс "Агуулга, хэлбэрийн хувьд умард Атлантын гэрээний тавдугаар заалттай төстэй буюу" аюулгүй байдлын баталгаа өгсөн тохиолдол төвийг сахисан болон цөмийн зэвсэггүй статустай болохыг зөвшөөрнө гэжээ. Өчигдөр Истанбулд эхэлсэн Орос, Украины төлөөлөгч нарын уулзалт гурван цаг орчим хугацаанд үргэлжилжээ. Хоёр талын хэлэлцээ гуравдугаар сарын 29 болон 30-нд хоёр өдөр болох төлөвтэй байсан боловч Оросын төлөөлөгч нарын бүрэлдэхүүн болон Туркийн Гадаад хэргийн яамны эх сурвалжуудын мэдээлснээр лхагва гарагт уулзалт болохгүй гэжээ.