Монгол улс 2002 онд батлагдсан ганц хуулиар 20 жил архидалтын эсрэг тэмцэж байна

Манай улс архидан согтууралттай 2002 онд батлагдсан хуулиар л тэмцэж байна. Хэдийгээр 2003 онд баталсан “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-тэй ч одоогоос 10 жилийн өмнө хугацаа нь дуусч, тухайн үед тавьсан зорилтот үр дүндээ хүрч чадаагүй. Тиймээс цаг үеийн шаардлагад нийцэхээ аль хэдийнээ больсон хуулиа эргэн харж, архидан согтуурах асуудалтай үндэсний хэмжээнд, бодлогын түвшинд тэмцэх шаардлага бий болоод байна. 

2003 онд батлан хэрэгжүүлсэн “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд тавьсан зорилтод тухайн үед эрүүлжүүлэгдсэн хүний тоо 114.1 мянга байсныг 25 хувиар бууруулна гэж төлөвлөсөн ч 2013 онд 123.5 мянга болтлоо өсчээ. Согтууруулах ундааг худалдах цэгийн тоо 3530 болон үйлчилдэг цэгийн тоо 1635 байсан бөгөөд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр гуравны нэгийг бууруулахаар тооцсон ч өнөөдрийн байдлаар байдал эсрэгээрээ байна. 2008 онтой харьцуулахад архины үйлдвэрлэл өнөө үед 3 дахин нэмэгдэж, нийт архи, согтууруулах ундааны хэрэглээний 97 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангаж байна.

ДЭМБ-аас улс орнуудад архины хяналтын бодлогын чиглэлээр 2018 онд онд зөвлөсөн “аюулгүй” хэмээх багц зөвлөмжид, архи согтууруулах ундааны хүртээмжийг хязгаарлах, согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихыг хориглох, согтууруулах ундаатай холбоотой зар сурталчилгаа, маркетинг, ивээн тэтгэлгийг хязгаарлах, донтолтыг эрт илрүүлэх, зөвлөгөө өгч, эмчилгээ хийх, архи, согтууруулах ундааны үнийн бодлого явуулж, онцгой албан татварыг нэмэгдүүлэх чиглэлийг тусгасан байдаг.

Өнгөрсөн хугацаанд манай улс архидан согтууралттай “Архидан согтуурахтай тэмцэх тухай” хууль, “Архидан согтуурахаас сэргийлэх, хяналт тавих үндэсний хөтөлбөр”, улсын хэмжээнд сар бүрийн 1-ний өдөр архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох зэргээр л тэмцжээ. Харин өнөө үед цаг үеийн шаардлагаар архидан согтуурах болон архины суурь шалтгаантайгаар бий болсон олон асуудлыг шийдвэрлэхэд цогц арга хэмжээ шаардлагатай байна.

Одоогоор архидан согтуурахтай тэмцэх бодлого боловсруулж, тооцоо судалгаа хийхээр ажлын хэсэг ажиллаж байгаа юм байна.