Лифтэн дэх бичлэг нь цацагдсан 3 шүүгчийн гомдлыг ШСХ-ны хянан үзэх хуралдаанаар хэлэлцэж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээв

Одоогоос яг жилийн өмнө буюу 2021 оны 2-р сард өмгөөлөгч, шүүгчдийн лифтэн дэх бичлэг нийгмийн сүлжээгээр цацагдсан. Тэр тусмаа энэ асуудалд шударга ёсны “мөнхийн манаач” болсон шүүгч нар нэр холбогдсонд олон нийт шүүмжлэлтэй хандсаар байгаа. Энэ асуудал өмнөх Шүүхийн ёс зүйн хорооноос шинээр эмхлэн байгуулагдсан Шүүхийн сахилгын хороонд дамжин ирж, нэг жилийг дамнаад байгаа.

Эргэн сануулбал, гомдлыг 2021 оны 5-р сарын 25-нд тухайн үеийн ёс зүйн хороо хэлэлцэж, шүүгч нь шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явах үүрэгтэй тул шүүгч З.Болдбаатар, Х.Идэр, Д.Отгонбаатар нарт сахилгын хэрэг үүсгэх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэсэн. Харин шүүгч нар тухайн магадлалыг эс зөвшөөрч, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Шүүхээс магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.

Улмаар энэ онд шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо 1-р сарын 20-нд уг асуудлаар хуралдаж, СДБ-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн сум дундын шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарыг шүүгчээс огцруулж, СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарын цалинг зургаан сарын хугацаанд 30 хувь бууруулах шийдвэр гаргасан.

Шинэчлэн найруулсан шүүхийн тухай хуулиар асуудалд холбогдсон шүүгч нар Шүүхийн сахилгын хорооны магадлалыг эс зөвшөөрвөл дахин нэг удаа сахилгын хороонд гомдол гаргаж болно гэж заасан. Үүний дагуу Шүүхийн сахилгын хороо гомдлыг хүлээн авч, 3-р сарын 30-нд хянан үзэх хуралдааныг хийсэн. Уг хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн 113.8.1 буюу Гомдол хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Харин хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл хуулиар УДШ-д хандах боломж бий. Тиймээс Улсын дээд шүүхийн Хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаанаар эцэслэнэ.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд, тухайн лифтний бичлэгт дурдагдсан АТГ-ын ажилтан П.Чулуунбаатарыг 2021 онд ажлаас нь чөлөөлсөн бол өмгөөлөгч Б.Баасанцогтын өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хоёр жилийн хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэрийг УДШ-ээс 2022 оны 1-р сарын 17-нд хэвээр үлдээсэн.