Манай улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тасралтгүй өссөнөөр инфляц 2-р сарын байдлаар 14.2 хувьд хүрээд байгаа. Ийнхүү инфляц сүүлийн жилүүдэд байгаагүй буюу түүхэн дээд хэмжээнд хүрсэн юм. Гэвч иргэдийн цалин хөлс нэмэгдэхгүй хэвээр байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2021 оны 4-р улирлын байдлаар нийт 46.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага 719.3 мянган ажиллагч хамрагдсан байна. Үүнээс дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 1.5 сая, эмэгтэйчүүдийнх 1.3 сая төгрөг байна. Харин ААНБ-д ажилладаг иргэдийн сарын медиан цалин 1 сая 68 мянган төгрөг байна.
Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар нь авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 3,2 сая төгрөг байна.
Харин зочид буудал, байр сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынхны цалин хамгийн бага байна буюу дунджаар 960 мянган төгрөг байгаа гэдгийг ҮСХ-оос мэдээлжээ.
ААНБ-д ажиллагсдын сарын дундаж нэрлэсэн цалин 2021 оны 4-р улиралд 2015 онтой харьцуулахад 65.6 хувиар нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин дөнгөж 16.9 хувиар л нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад хот суурин газарт ядуурлын түвшин 26.5 хувьтай байгаа бол хөдөө орон нутагт 30.5 хувьтай байна. Одоо үүсээд буй бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж иргэдийн амьжиргаа улам муудаад байна. Тиймээс иргэдийн орлогын эх үүсвэр, цалин тэтгэврийн хэмжээг үнийн өсөлттэй уялдуулан нэмэх шаардлагатай байгаа юм. Гэсэн хэдий ч цар тахлын үеийн эдийн засгийн хямралаас төрийн бөгөөд хувийн байгууллагууд ажилтнуудынхаа цалинг нэмэх боломж хомс болсон гэдгийг эдийн засагч хэлж байна.
Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд ажилтнуудынхаа цалинг нэмэхэд хүндрэлтэй байгаа учраас Засгийн газрын зүгээс импортын барааны тээвэр логистикийн саатал, хямралыг шийдэх замаар бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах шийдэл чухал байгаа юм.