Энэ мягмар гарагт Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар санал солилцжээ. Энэ үеэр Путин бүслэлтэд байгаа Мариуполь хотыг бөмбөгдөхөө зогсоох цорын ганц нөхцөл нь Украины зэвсэгт хүчин оросын талд бууж өгөх явдал гэдгийг Францын ерөнхийлөгчид хэлсэн талаар Кремлийн хэвлэлийн албанаас өчигдөр мэдээлсэн байна.
Мөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Мариуполь хотоос энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх талаар зөвшилцөлд хүрэх боломж байгааг Францын талаас онцолжээ. Хоёр ерөнхийлөгч утсаар ярилцсаны дараа Оросын тал зөвхөн пүрэв гарагт Мариупольд галаа зогсоож, иргэдийг нүүлгэн шилжүүлэх боломж олгох санал гаргасан байна.
ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр орон нутгийн цагаар өглөөний 10:00 цагт гал зогсож, Мариуполийн иргэдийг Оросын хяналтад байгаа Бердянск боомтоор дамжуулан Запорожье хот руу нүүлгэхээр болжээ. Запорожье нь Мариуполь хотоос баруун зүгт оршдог хот юм.
Уг саналаа Украины талд тавиад хариу хүлээж байгааг ОХУ-ын батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдээлсэн байна. Өмнө нь Мариуполиос энгийн иргэдийг нүүлгэн гаргах ажиллагаанууд талуудын харилцан үл итгэлцлээс болоод түдгэлзэхэд хүрээд байсан юм.
Украинд дайн эхэлснээс хойш Оросын хувьд стратегийн чухал ач холбогдолтой Мариуполь боомт хот бараг газрын хөрснөөс арчигдаад байгаа. Украины талын эх сурвалжийн мэдээлснээр тус хотод өнгөрсөн хугацаанд 5,000 орчим энгийн иргэн амиа алдсаны 210 орчим нь хүүхэд байжээ.
Мөн НҮБ-аас гаргасан мэдээллээр Украин улсад минут тутамд 90 хүүхэд эх орноосоо дүрвэж байна. Мөн одоогийн байдлаар 4 сая гаруй иргэн өөр улс руу дүрвэн гараад байгаа талаар мэдээлж байна.