Канадын эрх баригчид 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг 30 хувиар бус харин 40 хувиар бууруулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо Ванкувер хотноо болсон уур амьсгалын асуудлаарх чуулга уулзалтад лхагва гарагт үг хэлэхдээ мэдэгджээ.
"Манай засгийн газар Канадад нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг бууруулах төлөвлөгөөгөө гаргалаа. Энэ бол амбицтай, хэрэгжих боломжтой төлөвлөгөө юм. 2030 он гэхэд бид нүүрстөрөгчийн давхар ислын ялгарлыг 2005 оныхтой харьцуулахад 40 хувиар бууруулж, 2050 он гэхэд тэг үзүүлэлтэд хүрэх замдаа тууштай байх болно" гэж тэрбээр хэлжээ.
Урьд нь Канадын эрх баригчид 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгарлыг жилд 500 мегатонн болгон бууруулна мэдэгдэж байсан бөгөөд энэ нь 2005 оны үзүүлэлтээс 30 хувиар бага үзүүлэлт гэсэн үг юм. Уг зорилт нь 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх НҮБ-ын өмнө хүлээсэн Канад улсын үүрэг амлалттай нийцэж байгааг Трюдо онцлон тэмдэглэж байжээ.