АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден стратегийн нөөцөөсөө энэ оны 9-р сарыг дуустал өдөрт нэг сая хүртэлх торх газрын тосыг зах зээлд нийлүүлэх шийдвэр энэ долоо хоногт гаргасан. Тэрбээр уг шийдвэр нь АНУ болон түүний холбоотнууд Украины нөхцөл байдалтай холбогдуулан Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээнүүд авснаас үүдэлтэй үнийн өсөлтийг тогтоон барих зорилготой гэдгийг мэдэгдсэн юм.
Тэрбээр ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш 3 дахь удаагаа стратегийн нөөцөөсөө газрын тос нийлүүлэхээр болсон нь энэ юм. АНУ-д өнгөрсөн хоёрдугаар сард инфляцын түвшин сүүлийн 40 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн төдийгүй Орос улс Украин руу довтолсноос хойш газрын тос, шатахууны үнэ өсөөд байгаа юм. Ням гарагийн байдлаар нэг торх нефтийн үнэ 106 ам.долларт хүрээд байгааг жилийн өмнө 60 ам.доллар байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм.