В.Путин: Байгалийн хийн төлбөрөө рублиэр төл эсвэл бид нийлүүлэлтээ зогсооно

Энэ пүрэв гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин байгалийн хийн нийлүүлэлтийнхээ төлбөрийг зөвхөн рублиэр авах захирамж гаргалаа. Путины энэхүү шийдвэр байгалийн хийн хэрэглээнийхээ гуравны нэгээс илүү хувийг Оросоос импортоор авдаг европын орнуудад томоохон асуудал үүсгэж байгаа аж. Украины хямралтай холбоотойгоор өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээ авч, улмаар ОХУ гадаад валютынхаа нөөцийн ихэнх хэсгийг битүүмжлүүлээд байгаа юм. 

Путин өчигдөр хэлсэн үгэндээ “Гадаадын худалдан авагчид Оросын банканд рублийн данс нээх ёстой. Маргаашаас эхлэн байгалийн хийн төлбөр уг данснаас нь хийгдэнэ” гэжээ. Харин Европын холбоо болон Их долоогийн бүлгийн орнууд байгалийн хийн төлбөрийг рублиэр хийх боломжгүйгээ мэдэгдээд байгаа юм. Европын ихэнх орнууд ОХУ-ын байгалийн хийн төлбөрийг еврогоор хийсээр ирсэн байна.

Украины хямрал европ тивд байгалийн хийн үнийг хөөрөгдөхөд хүргээд байгаа. Путиний мэдэгдлийн дараагаар Их Британи, Нидерланд зэрэг улс орнуудад хийн үнэ тус бүр 4-5 хувиар өсжээ. Европын ихэнх худалдан авагчид төлбөрөө урьдчилан төлсөн байгаа тул Путиний шийдвэрийн нөлөө дөрөвдүгээр сарын дундаас хойш мэдрэгдэж эхэлнэ гэж шинжээчид үзэж байна.