2022 онд 1 квт.ц эрчим хүчний үнийг 49 орчим төгрөгөөр нэмж, 224 төгрөг болгоно

Цар тахлын хугацаанд төрөөс иргэд, аж ахуйн нэгжүүдэд цахилгаан эрчим хүчний хөнгөлөлт үзүүлж, хог, ус, дулааны төлбөрийг бүрэн хариуцсан. Зарим шийдвэр энэ оны 1-р сарын 1-ээр дуусгавар болсон бол айл өрхийн цахилгааны төлбөрийн хөнгөлөлт үргэлжилж байна.

Өнгөрөгч 2020 оны 12-р сард Засгийн газрын шийдвэрээр цахилгаан, эрчим хүч, ус, дулаан, хогны төлбөрийг хөнгөлж эхэлсэн. Зарим шийдвэр 2021 оны 12-р сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. 2020-2021 онд сайжруулсан шахмал түлшний үнийг шуудай тутамд 75 хувиар хөнгөлсөн бол 2021-2022 оны галлагааны улиралд нийслэлийн айл өрхүүд тал үнээр нь түлш худалдан авах боломж бүрдсэн. Харин 3-р сарын 31-ний өдрөөс энэ шийдвэр дуусгавар болсноор 4-р сарын 1-ээс иргэд сайжруулсан шахмал түлшийг шуудай тутмыг нь үндсэн үнээр нь буюу 3750 төгрөгөөр худалдан авна. Иргэдэд 7 хоногт 6 шуудай түлш олгох квоттой ч 3-р сарын 30, 31-ний өдрүүдэд 2 шуудай түлш олгосон гэх асуудал үүссэн.  

Ийнхүү сайжруулсан түлшний үнийн хөнгөлөлт дуусгавар болж байгаа бол 5-р сарын 31-ний өдрийг дуустал  айл, өрхүүдийн цахилгаан, эрчим хүчний үнийн хөнгөлөлт үргэлжилнэ. Энэ шийдвэр дуусгавар болмогц цахилгааны үнэ тариф тутамдаа 49 төгрөгөөр нэмэгдэх хүлээлттэй байна.