Цар тахлын үеэр гадаад зах зээл, хил гаалийн хорио цээрээс хамааралтайгаар уул уурхайн бүтээгдэхүүний экспорт хумигдаж, өнгөрсөн онд төсвийн орлого буурсан. Тэгвэл нийт 38 их наяд төгрөгийн эдийн засагтай манай улсын хувьд уул уурхайн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, аж үйлдвэрийн салбарын 67 хувийг бүрдүүлдэг. Тэр дундаа экспортын 93 хувь, улсын жилийн төсвийн орлогын 30 хувийг дангаараа бүрдүүлж байгаа томоохон салбар юм.
Гэтэл цар тахлын улмаас нүүрсний экспорт 56.3 хувь, нүүрсний баяжмалын экспорт 88.9 хувийн гүйцэтгэлтэй байсан. Мөн жил бүр хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тооноос 2 дахин багасчээ. Мөн 2011 онтой харьцуулахад хайгуулын тусгай зөвшөөрөл 2.8 дахин, хайгуулын ажилд зарцуулсан хөрөнгө оруулалт 3.4 дахин буурсан байна. Тиймээс ашигт малтмалын сонгон шалгаруулалтаар олгох ажиллагааг бүрэн цахимжуулж, энэ сараас эхлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг 3-4 дахин нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.