Эрх баригчдынх нь муу шийдвэрээс үүдэн Шри Ланка улс гадаад валютын нөөцгүй болж, улмаар сүүлийн хэдэн арван жилд байгаагүй эдийн засгийн хямралд нэрвэгдээд байна. Өрөнд баригдсан тус улсын гадаад валютын нөөц нь шавхагдаж, шатахуун болон бусад хэрэгцээт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ импортын төлбөрийг төлж чадахгүйд хүрээд байгааг олон улсын валютын сангаас мөн анхааруулжээ.
Эдийн засгийн энэхүү нөхцөл байдалд эрчим хүч хэмнэх зорилгоор энэ сарын эхнээс улс орон даяараа цахилгааны хэрэглээг 10 хоног хязгаарлаж, амралтын өдрүүдээр хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ. Гэвч уг шийдвэрүүд нь иргэдийн дургүйцлийг хүргэж, улс даяар өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөөд байна. Мөн төрийн албаныхаа 10 сая гаруй албан хаагчдыг хугацаа заалгүй амрааж, гэрээсээ ажиллахыг үүрэгджээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Шри Ланка улсын гадаад валютын нөөц 70 хувиар буурч, 2.3 тэрбум ам.доллар болсон нь гаднаас хоол хүнс, түлш зэрэг зайлшгүй шаардлагатай зүйлсийг худалдан авахад нөлөөлж байгаа юм байна. Мөн энэ онд тус улс 7 тэрбум ам.долларын гадаад өрийг барагдуулах ёстойг ОУВС-аас анхааруулжээ.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр тус улсын Засгийн газрын 26 яамны сайд өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Шри Ланка улсын үе үеийн Засгийн газрууд гадаад улсаас их хэмжээний зээл авч, зээлээ эргэн төлөхийн тулд валютын нөөцөө хоосолсоор байжээ. Мөн сүүлийн арав гаруй жилийн хугацаанд үе үеийн Засгийн газруудынх нь зарлага орлогоосоо давж, үйлдвэрлэл зогсонги, худалдааны эргэлт тааруу, эдийн засгийн гол тулгуур болох аялал жуулчлалын салбар “Ковид-19”-ийн халдварын улмаас уналттай, санхүүгийн гүн хямралд ороод байгаа юм байна.