БНСУ-д даваа гарагаас эхлэн кафе, зоогийн газруудад нэг удаагийн хуванцар аяга, хоолны хэрэгслийг хоригложээ. 2018 онд анх тус улсын Байгаль орчны яамнаас хэрэгжүүлж эхэлсэн нэг удаагийн хуванцар хэрэгслийн хэрэглээг хориглох хуулийг ийнхүү сэргээж байгаа нь энэ юм байна.
“Ковид-19”-ийн халдварын тархалтын эхэн үед буюу 2020 оны эхээр дахин ашиглах боломжтой аяга нь халдварын эх үүсвэр байж болзошгүй гэх болгоомжлолын улмаас уг хуулийн хэрэгжилтийг түр хугацаанд зогсоогоод байжээ. Гэвч цар тахал үргэлжилсээр байгаагаас шалтгаалан хог хаягдлын хэмжээ өсөн нэмэгдсээр байгаа тул дээрх хуулийн хэрэгжилтийг сэргээхээр шийдвэрлэсэн байна. Энэ зохицуулалтын дагуу нэг удаагийн хоолны сав, хоолны хэрэгсэл, чигчлүүр, ширээний бүтээлэг зэрэг нэг удаагийн 18 нэр төрлийн бүтээгдэхүүнийг кафе, зоогийн газарт хэрэглэхийг хориглож байгаа юм. Мөн цаасан уутнаас бусад гялгар тор болон бусад нэг удаагийн уут торыг хэрэглэгчдэд үнэгүй өгөхийг хоригложээ. Тус улсын Байгаль орчны яамны мэдээлснээр, хуванцар соруул, хутгагч, цаасан аяга зэрэг хэд хэдэн шинэ төрлийн бүтээгдэхүүнийг ирэх 11-р сарын 24-өөс хоригийн жагсаалтад оруулах юм байна. Дээрх журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийн давтамж зэргээс хамааран торгууль ногдуулахаар болжээ.