Монгол улс хүний амь насыг үнэлэх аргачлалтай болно

Манай улсад жилд гэмт хэргийн улмаас 37-38 мянган хүн хохирдог. Үүний 8000-9000 тохиолдлыг сэтгэл санааны хохирол эзэлдэг ч сүүлийн 30 жилийн байдлаар эрх зүйн хүрээнд сэтгэл санааны болоод сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдэж чадалгүй орхигдуулсаар ирсэн. Тэгвэл шинэчлэн найруулж байгаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд хүний амийг анх удаа үнэлэхээр тусгасан байна. Одоогоор хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулжээ.

Сэтгэл санааны хохирол нь эдийн бус хохиролд багтдаг. Эдийн хохирлыг үнэ өртгөөр нь тогтоочихдог ч эдийн бус хохирол, сэтгэл санааны хохирлыг тогтоох боломжгүй, аргачлал байдаггүй. Гэтэл манай улсад сүүлийн 30 жилийн байдлаар сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирлыг үнэлэх асуудлыг шийдэж чадаагүй байна.

Тэгвэл шинэчлэн найруулж байгаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд хүний амийг анх удаа үнэлэх хоёр аргачлалыг боловсруулжээ. Үүнд,  хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлэхээр төсөлд тусгасан. 2 дахь аргачлал нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан иргэний насыг хасах юм байна. Тодруулбал, хүн амын дундаж нас 71 байвал 20 настай залуу амиа алдлаа гэхэд тухайн дундаж наснаас нь хасаад 51 жил идэвхтэй амьдрах бололцоотой байсан гэж тооцно. Үүнийг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 5 дахин үржүүлээд 111 сая 600 мянган төгрөгийг ар гэрт нь олгуулах байдлаар хуулийн төсөлд тусгажээ.

Одоогоор Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлээд байгаа юм.