Монгол хэл, бичгийн дахин шалгалт 5-р сарын 7-нд болно

Өмнө нь 2015 онд Элсэлтийн ерөнхий шалгалтын хүрээнд босго оноо тогтоох Монгол хэл, бичгийн шалгалтыг 4, 5-р сард авч байсан удаатай. Сүүлийн зургаан жил завсарласны эцэст Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жилээс ЭЕШ-аас өмнө зохион байгуулж байна. Шалгалтад өмнөх оны төгсөгчдөөс 6500 орчим шалгуулагч, 2022 онд 12-р анги төгсөх 30 мянга гаруй төгсөгч бүртгүүлж, 33291 шалгуулагч шалгалт өгчээ. Өнөөдрийн байдлаар засалтын пост байгуулж, багш нар Монгол хэл, бичгийн шалгалтын материалыг гараар засах ажил 4-р сарын 10 хүртэл үргэлжилнэ. 

Шалгалтыг Монгол хэлний уншиж, ойлгох чадвар, зөв бичгийн дүрэм, Монгол бичгээр унших болон өөрийгөө илэрхийлэх чадвар гэх агуулгын хүрээнд зохион байгуулжээ. 

Монгол хэл, бичгийн давтан шалгалт 5-р сарын 7-нд зохион байгуулагдана. Энэ шалгалтад босго оноо буюу 400 онооны шаардлага хангаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалт өгөөгүй шалгуулагчид хамрагдана. Шалгалтыг бүртгэлийг 4-р сарын 13-20-ны хооронд eec.mn цахим хуудсаар явуулна.