- Хүүхдийн эмч мэргэжлээр АШУҮИС 1996 оноос хойш элсэлт авахаа хэсэгтээ зогсоосон түүхтэй. Харин одоо тус мэргэжлээр жилд дунджаар 20-25 оюутан төгсөж байна.
- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 10 мянган хүүхэд тутамд 7 хүүхдийн эмч ногдож байна. Өөрөөр хэлбэл нэг эмчид 1400 гаруй хүүхэд оногдож байгаа нь нэг их эмчид ногдох өвчтөний тоо улсын дунджаас 5 дахин их байгаа гэсэн үг юм.
- Анагаахын сургуульд зургаан жил суралцаж төгссөний дараа хоёр жил анхан шатны эмнэлэгт ажиллаад, дараа нь дахин хоёр жил хүүхдийн эмчээр нарийвчлан суралцаж, нийтдээ 10 жил зарцуулсны эцэст хүүхдийн эмчийн мэргэжлийн диплом өвөртөлж байна.
- Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд аль ч дүүргийн амбулаторийн хүүхдийн эмч уртасгасан цагаар, мөн ээлжлэх сэлгээний эмчгүйгээр ажиллаж байна
Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн амбулаторид хүүхдээ үзүүлэх гэсэн эцэг эхийн дараалал их байлаа. Амбулаторид хүүхдийн нэг л эмч, сувилагчтайгаар хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан юм. Тэрбээр сүүлийн нэг сар өдөрт 40-50 хүүхэд үзэж байгаа гэлээ. Хэт их ачааллаас болж хүүхдийн эмч ядаргаанд орох, бие нь өвдөх тохиолдол олон гэдгээ учирлаж байна.
Монгол улсын хүн амын 38 хувийг 18 хүртэлх насныхан буюу хүүхдүүд эзэлдэг тухай статистик тоо бий. Үүний 50.4 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байдаг нь Монголыг хүүхэд залуусын орон гэж нэрлэхэд хүргэсэн байх. Хэдийгээр гэгээлэг сонсогдож байгаа ч улс орны ирээдүй болсон хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хүүхдийн анагаахын академийн судалгаагаар манай улсад 1200-1300 хүүхдийн эмч шаардлагатай байгааг тогтоожээ. Ялангуяа орон нутагт хүүхдийн эмчийн хүрэлцээ муу байгааг албаныхан хэлж байна.
Арван жилийн өмнөхтэй харьцуулахад хүүхдийн эмчийн тоо 213-аар нэмэгдсэн гэж албаны хүмүүс хэлж байгаа ч энэ нь хангалттай тоо биш юм. Төрөлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа өнөө цагт хүүхдийн эмчийн эрэлт улам нэмэгдэх нь тодорхой байгааг мэргэжилтнүүд сануулдаг. Тэр дундаа, Орхон, Өмнөговь, Хэнтий, Архангай, Завхан, Дорноговь, Өвөрхангай аймгуудад хүүхдийн эмч ус агаар мэт хэрэгтэй байгаа юм.