Жо Байден: Путин дайны гэмт хэрэгтэн, түүний үйлдэж буй гэмт хэргийг шүүхийг уриалж байна

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украины Буча хотод үйлдсэн харгислалыг “дайны гэмт хэрэг” хэмээн нэрлэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг олон улсын шүүхэд дуудан хариуцлага хүлээлгэхийг уриалжээ. Гэхдээ тэрбээр уг харгис үйлдлийг “Геноцид” гэж нэрлэх эсэхэд хариулт өгөөгүй байна.

Харин өчигдөр Буча хотод очиж, нөхцөл байдалтай танилцсан Украины ерөнхийлөгч Володимир Зеленский уг аллагыг “Геноцид” гэж нэрлээд Москвагийн эрх баригчдын эсрэг илүү хатуу хориг арга хэмжээ авахыг өрнөдийн орнуудад уриалсан байна. Жо Байден даваа гарагт  хэлэхдээ “Бид Украинд  шаардлагатай зэвсгийг цаашид нийлүүлэх болно. Бас бид дайны гэмт хэргийн шүүх хуралд шаардлагатай бүх баримтыг цуглуулна” гэжээ. Киевийн ойролцоох Буча хотоос Оросын цэргийг гарч явсны дараа нийтдээ 410 энгийн иргэний цогцсыг цуглуулсан гэдгээ  Украины ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдээлсэн юм. Буча хотын дэд дарга Тарас Шаправский эдгээр цогцсоос 50 нь  Оросын цэргүүдэд шүүхээс гадуур цаазлуулсан иргэдийнх болохыг мэдээлжээ.

Цаазлуулсан иргэдийн гарыг ард нь хүлж, толгойд нь ойрын зайнаас буудсан байна. 

Тэгвэл Москвагийн эрх баригчид Бучагаас олдсон цогцсуудыг оросын нэр хүндийг унагах гэж Украины талын зориуд үйлдсэн аллагын хохирогчдынх хэмээн тайлбарлаж байгаа.

Уг аллагатай холбоотойгоор НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттереш хараат бус мөрдлөг явуулахыг уриалжээ. Германы канцлер Олаф Шольц “Путин болон түүний дэмжигчид хийсэн зүйлийнхээ үр дагаврыг амсах болно” гэж мэдэгдээд ойрын өдрүүдэд өрнөдийн холбоотнууд шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцсоныг дуулгасан байна. Германы Батлан хамгаалахын сайд Кристин Ламбрехт байгалийн хий Оросоос импортлохыг Европын холбооны хэмжээнд хориглох хэрэгтэй гэж мэдэгдсэн нь энэ тал дээр хойрго хандаж байсан Берлиний эрх баригчдын байр суурь өөрчлөгдсөнийг харуулжээ. Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон дайны гэмт хэрэг үйлдэгдсэнийг батлах тодорхой баримтууд байгааг дурдаад Москвагийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Япон улсын засгийн газар мөн шинэ хоригийн талаар холбоотнуудтайгаа зөвлөлдөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.