Шатахууны үнэ литр тутамдаа 1000 төгрөгөөр нэмэгдэх эрсдэлтэй учраас Засгийн газар зохицуулахаас өөр аргагүй гэв

Инфляцын 20 хувьд газрын тосны бүтээгдэхүүн, 20 хувьд мах, 1 хувьд гурилын үнэ нөлөөлдөг. Гэтэл Орос, Украины дайны нөхцөл байдлаас үүдэж, ОХУ-ын экспортоос хамааралтай зарим гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, тогтворжиж байсан инфляц 15 гаруй хувьд хүрчээ. Тиймээс Засгийн газраас гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Ингэхдээ 8 төрлийн арга хэмжээ буюу газрын тосны бүтээгдэхүүн, мах, гурилын нөөц бүрдүүлэх, мөн нөөц бүрдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоход шаардагдах хүүгийн татаас олгох, 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг монгол улсын хилээр гаргахыг хориглохоор хуулийн төсөлд тусгасан.

Өмнө нь 2012-2016 онд Засгийн газар болон Төв банк хамтран үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байсан. Тухайн үед 3 их наяд төгрөг зарцуулжээ. Харин энэ удаад хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд төв банк мөнгө хэвлэхгүй. Банканд байгаа чөлөөт эх үүсвэрийг ашиглаж, санхүүжилтийг шийдвэрлэнэ. Мөн ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүнийг рублиэр СВОП хэлцэл хийж авах талаар судалж байгаа юм байна.

Одоогоор манай улс 3.2 тэрбум ам.долларын нөөцтэй байна. Харин шатахуун импортлогчдын зүгээс 4-р сард 68 сая ам.доллараар  нефтийн бүтээгдэхүүн худалдан авах захиалгыг өгчээ.