Өндөр градустай архины хатуулгийг жилд 2 хувиар бууруулж, 10 жилийн дараа 18 градуст хүргэнэ

ДЭМБ-аас 21-ээс дээш насны нэг хүнд жилд 7 литрээс илүүгүй цэвэр спирт ногдох нь зохистой гэж заасан бол Монгол хүнд 12 литр ногддог гэх судалгаа байдаг. Гэтэл өнөөдрийн байдлаар манай улсын 90 мянга орчим хүн архинд донтсон, жилд архидан согтуурснаас үүдэлтэй гэмт хэрэг 23 мянга бүртгэгдэж, осол гэмтэл 15800-аар тоологддог. Өөрөөр хэлбэл, архидан согтуурахаас үүдэлтэй асуудал Монгол улсад үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах зарлигийн төсөлд, өндөр хатуулагтай архины хатуулгыг жил бүр 2 хувиар бууруулах буюу 10 жилийн дараа 18 градуст хүргэх, одоогийн 38 градустай архинд ногдуулж байгаа 6960 төгрөгийн татварыг 36-аас дээш хатуулагтай гэж тооцон татварыг 15660 төгрөг болгон нэмэх, төр, орон нутгийн байгууллагын арга хэмжээнд өндөр хатуулагтай архийг хориглох, цахим технологид суурилсан хяналтын тогтолцоог бий болгох, биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх, ЕБС-ийн хичээлийн агуулгад архины хор хөнөөлийн чиглэлээр тусгах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлэхийг тусгасан байна.

Өнгөрөгч 2021 оны 3-р сард засгийн газраас УИХ-д согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Одоогоор ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. УИХ-аар хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтад дээрх асуудал багтсан учраас энэ сараас эхлэн дээрх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж эхэлнэ.