Ажилгүй болсон эмэгтэйчүүдийн 50 гаруй хувь нь хүүхэд харах хүнгүй, ажлын дарамт их гэсэн шалтгаанаар ажлаасаа гарчээ

Эмэгтэйчүүдийн оролцоо аливаа улсын нийгмийн болон хөгжлийн чухал зорилт төдийгүй эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх томоохон хүчин зүйл байдаг. Тэгвэл өрх гэр болон ажлын байран дахь жендэрийн тэгш бус байдлыг арилгаснаар манай улсын эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 60 гаруй хувиар өсөх боломжтой юм байна. 

  • Монгол улсад эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2019 оны байдлаар 53.4 хувь байхад эрэгтэйчүүдийнх 68.3 хувь байжээ. Тэгвэл цар тахлын нөлөөгөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 2.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Дэлхийн банкны судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн дундаж цалин эрэгтэйчүүдийнхээс 15 хувиар доогуур байна гэж гарчээ.
  • Ижил үнэлэмжтэй ажлын байранд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс бага цалин хөлс авч байгаа нь Монгол улсад цалин хөлсний жендэрийн зөрүүтэй байдлыг өөрчлөх шаардлагатайг харуулж байгаа юм.
  • “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд ажиллах хүчний оролцооны түвшинг 2030 онд 65 хувь, 2050 онд 70 хувь болгон өсгөх зорилт дэвшүүлсэн.

Эрүүл мэндийн салбарын 70 орчим хувьд эмэгтэйчүүд ажилладаг. Нэг үгээр хэлбэл эрүүл мэндийн энхийн манаанд эмэгтэйчүүд голлох үүргийг гүйцэтгэж байна гэсэн үг. Цар тахлын хоёр жилийн хугацаанд улаан бүсэд ажилласан сувилагч эмэгтэй ажлын дарамт, цалин хөлс, хүүхэд харах хүн байхгүй шалтгаанаар ажлаасаа гараад зургаан сар болжээ. Хамгийн нь гол нь түүнд ажлын дарамт шахалт их байсан гэдгээ хэлж байна.

Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооноос эцэг, эхчүүдэд олгогдож байгаа хүүхэд асрах чөлөө, тэтгэврийн насны харилцан ялгаатай хязгаар нь эмэгтэйчүүдийг хөдөлмөр эрхлэх, орлого олох, өөрийгөө хөгжүүлэх боломжийг хазаарлаж байна гэдгийг судалгаагаар тогтоожээ. Мөн ажлын байрны хүчирхийлэлд эмэгтэйчүүд өртөж байгаагаас шалтгаалан ажлаасаа гарах тохиолдол олон байдаг байна.

Мөн хувиараа бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн дунд хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл дутмаг байдлаасаа болж бизнесээ зогсоох тохиолдол их байдаг байна. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч эмэгтэйчүүдийн дунд зонхилж байгаа юм. Шалтгаалан нь мэргэжлийн нягтлан бодогчгүй, хуулийн зөвлөгч байхгүйгээс татварын өрөнд орох, гэрээ хэлэлцээ хийхдээ алдаа гаргадагтай холбоотой гэдгийг хууль тогтоогчид хэллээ.

Хууль эрх зүйн орчин ба хөдөлмөр зуучлалын үйлчилгээг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд ба бичил бизнес эрхлэхэд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэж Дэлхийн банкны шинжээчид зөвлөлөө. Салбарын яамнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн төсөл арга хэмжээний санхүүжилтийг 60 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлжээ.