Украины нийслэл Киев хотын ойролцоох Буча хотод Оросын цэргүүд олон зуун энгийн иргэний амийг хөнөөсөн нь ил болоод байгаа юм. Харин ОХУ-ын батлан хамгаалах яам үүнийг няцааж, 3-р сарын 30-ны өдөр Оросын цэргүүд Бучагаас гарсны дараа Украины тал суртал ухуулга нэвтрүүлэг бэлтгэн гудамжинд хүмүүсийн цогцос тавьсан гэж тайлбарласан юм. Харин Нью-Йорк Таймс сэтгүүлийн эрэн сурвалжлах баг Мaxar Technologies харилцаа холбооны компанийн хиймэл дагуулаас авсан зургаас шинжилгээ хийж, ОХУ-ын эрх баригчдын хэлж буй тайлбарыг үгүйсгэж, уг харгис үйлдлийг оросын цэргүүд үйлдсэнийг баталжээ.
Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленский НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд видео холбоогоор оролцохдоо Оросын цэргүүд энгийн иргэдийг хядаж, бэлгийн хүчирхийлэл үйлдэж, орон байруудыг тонож дээрэмдсэн тухай ярьжээ.
ОХУ нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын таван гишүүний нэг тул өөрийнх нь үйлдсэн түрэмгийллийг буруутгасан тогтоолд хориг тавих эрхтэй байдаг юм. Харин Зеленский өчигдөр хэлсэн үгэндээ хэрвээ Оросын түрэмгийллийг зогсоож чадахгүй бол аюулгүйн зөвлөлийг тараахыг бусад гишүүн улсуудад уриалсан байна. Мөн Зеленский 2008 онд Гүржид халдсан, 2014 онд Крымийг булаан эзэлсэн Оросын түрэмгийлэлд ямар ч хариуцлага тооцож чадаагүй НҮБ-ыг хатуу шүүмжилсэн байна.