Дэлхийн хэмжээнд жилд 13 сая хүн хүрээлэн байгаа орчинтой холбоотой шалтгаанаар, түүнээс долоон сая гаруй хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нийтэлсэн шинэ тайланд дурдсанаар дэлхий дахин бараг бүхэлдээ эрүүл бус агаараар амьсгалж байгааг нотолжээ.
Дэлхий дахинд агаарын бохирдлын түвшнийг бууруулахын тулд нүүрсний хэрэглээг зогсооход яаралтай арга хэмжээ авахыг тус байгууллага уриалсан байна. Агаарын бохирдол нь олон тэрбум хүний эрүүл мэндэд аюул учруулж, олон сая хүн урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр нас барахад хүргэж байгааг тайланд тодотгожээ. ДЭМБ-ын хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал хариуцсан хэлтсийн мэргэжилтэн Софи Гамигийн хэлснээр, Ойрх Дорнодын зүүн хэсэг, Зүүн Өмнөд Ази, Африкийн бүс нутагт агаарын чанар хамгийн муу байна. “Жилд агаарын бохирдлын улмаас нас барж байгаа долоон сая хүний дийлэнх нь бага, дунд орлоготой орнуудын иргэд байна. Гэхдээ энэ нь өндөр орлоготой орнуудад нөлөөлөхгүй байгаа гэсэн үг биш. Бид агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг тооцоолохдоо нас барагсдын тоог ашиглаж байгааг та бүхэн мэднэ. Гэхдээ агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг бодитоор тооцоолох хэрэгтэй. Агаарын бохирдлын улмаас маш их зардал гарч байна” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.
ДЭМБ-аас гаргасанд тайланд дурдсанаар тоосонцор уушги, судсанд гүн нэвтэрч, улмаар зүрх судасны өвчин, цус харвалт, амьсгалын тогтолцооны өвчнүүдийг үүсгэдэг байна. Тайланд азотын исэл нь астма болон амьсгалын замын бусад өвчнийг үүсгэдэг хэмээн бичжээ. ДЭМБ-ын хүрээлэн буй орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Мариа Нейрагийн хувьд бохирдуулагч тоосонцор нь хүний биеийн бараг бүх эрхтэнд нөлөөлөх боломжтой учир үүнийг тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаантай давхцаж буй эрүүл мэндийн томоохон асуудал гэж нэрлэжээ. Иймээс агаарын бохирдлын шалтгааныг ижил аргаар шийдвэрлэх ёстой гэж Нейра нэмж хэлсэн байна. “Цэвэр, орчин үеийн, тогтвортой сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих үйл явцыг хурдасгах хэрэгтэй байна. Та бид эрүүл мэндээ хамгаалахын тулд эрчим хүчний үйлдвэрлэлийн чулуужсан түлшнээс хамааралтай байдлыг өөрчлөх шаардлагатай гэдэгтэй бүгд санал нийлэх байх гэж бодож байна” гэж тэрбээр ярьжээ.