Геронтологийн үндэсний төвийн шинэ барилгын ажил санхүүжилтээс үүдэн гацжээ

Өндөр настнуудын эмнэлэг буюу улсын хэмжээнд ганцхан гэх тодотголтой Геронтологийн үндэсний төвийн барилга нурах эрсдэлтэй гэсэн 3 удаагийн дүгнэлт гарчээ. Энэ дагуу шинэ барилгын ажлыг эхлүүлэхээр болж 2011 онд шавь тавьсан ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй, санхүүжилтийн улмаас гацсан байдалтай байна.

Одоогийн барилга нь 1959 онд Сүхбаатар дүүргийн хүүхдийн амбулаторийн зориулалтаар ашиглалтад орж байсан. Тэгвэл Геронтологийн үндэсний төв тус барилгын баруун жигүүрт жилдээ амбулаториор 20 мянган ахмад настанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэж байна. Тус эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр үйлчилдэг байна.

Эмнэлгийн шинэ барилга 60 ортой, ахмад настнуудад эрүүл мэндийн тусламжийг цогц хэлбэрээр хүргэх зориулалтаар зураг төсөл нь батлагдсан. 2011 оны 7-р сарын 29-нд тендер зарлаж “Арвис Интернэшнл” компани барилгын гүйцэтгэгчээр шалгарч 2.9 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэхээр болсон юм. Нийт санхүүжилтийн 95 хувийг тус компани авсан ч бүрэн ашиглалтад оруулаагүй 45 хувийн гүйцэтгэлтэй үлдээжээ.

Одоогийн барилгынхаа 40 хувьд нь үйл ажиллагаа явуулж байгаагаас нэг өрөөнд 2 эмч ажиллаж байна. Үлдсэн 60 хувьд нь хувийн аж ахуйн нэгжүүд түрээсэлдэг. 2019 оны төсөвт өртөг нь нэмэгдэж 7.3 тэрбум төгрөгт хүрсэн бол одоо 17.5 тэрбум төгрөгөөр дахин нэмэгдсэн байгаа юм. Цаашдаа ч төсөвт өртөг нь нэмэгдэнэ гэдгийг эмнэлгийн удирдлагууд хэлж байна.

Засгийн газрын 2019 оны 6-р сарын 05-нд “Ахмад настны тухай хуулийн хэрэгжүүлэлтийг эрчимжүүлэх” тухай тогтоолоор Геронтологийн үндэсний төвийн шинэ эмнэлгийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Гэтэл бодит байдалд Монголын төр ахмад настнууддаа ээлгүй гэдэг нь дээрх баримт нотолж байна. Энэ асуудлаар бид эргэн сурвалжилна.