“Кью Эс Си” ХХК нь Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар буюу 203.12 тэрбум төгрөгийн зээлийг 2014 оны 12-р сард жилийн 8 хувийн хүүтэйгээр авчээ. Ингэхдээ Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг, Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших төмөр замын Хандгайт өртөө хүртэл 33.4 км төмөр зам болон ачиж, буулгах терминал барих зориулалттай гэх. Гэтэл зээлийн эргэн төлөлтийг 44 сараар хэтрүүлсэн. Энэ маргаан шат шатны шүүхээр 2 жил гаруйн хугацаанд үргэлжилж, эцэст нь УДШ тус компанийг Хөгжлийн банканд 192.6 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Зээлээ эргэн төлүүлэх асуудал нь нэг хэрэг. Харин нөгөө асуудал нь тус компани 33.4 км төмөр замыг 40 тэрбум төгрөгийн бодит өртгөөр барьсан ч төмөр замаа улсад хүлээлгэж өгөхдөө төгрөгөөр бус ам.доллараар үнэлсэн. Тэр тусмаа 112 сая ам.доллараар үнэлж, 2016 оны 2-р сард ажиллаж байсан Засгийн газар Вексель буюу өрийн бичиг гарган төмөр замын төлбөрийг төлөхийг үүрэг болгожээ.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдаж авсан гэх “Монголиан Коппер Корпорейшн” хөрөнгө босголтод “Кью Эс Си” ХХК-ийн авсан зээл ашиглагдсан гэх схемийг анх 2019 онд ЗГХЭГ-аас танилцуулж байсан. Тэгвэл яг энэ аргаараа санхүүгийн 1 схемээр Хөгжлийн банкнаас бусад компаниудаараа дамжуулан авсан зээлийн хэмжээ 506 тэрбум төгрөгт хүрсэн гэдгийг Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн мэдэгдлээ.