ОХУ-ын эрчим хүчний экспортын хэмжээ өнгөрсөн 3-р сард 40 орчим хувиар буурчээ

Өнгөрсөн 3-р сард ОХУ 5.8 тэрбум ам.долларын эрчим хүчний түүхий эд экспортолсон байна. Энэ нь Кремлийн эрх баригчдын төлөвлөж байсан 10 тэрбум ам.долларын орлогоос даруй 40 орчим хувиар буурсан үзүүлэлт боллоо гэж тус улсын төрийн өмчит “Газпром” компанийн удирдлагууд мэдэгджээ.. 

ОХУ нь дэлхийн газрын тос, байгалийн хийн томоохон олборлогч улс орнуудын нэг юм. Европ тивийн улс орнууд байгалийн хийн хэрэгцээнийхээ 30 гаруй хувийг Орос улсаас авдаг. Гэвч Украин улс руу эзлэн түрэмгийлсэнтэй холбоотойгоор барууны орнууд Оросын эрчим хүчнээс татгалзаж эхлээд байгаа юм. Харин ОХУ-ын Сангийн яам үүсээд буй нөхцөл байдлаас үл хамааран энэ сард 9 тэрбум ам.долларын орлогыг эрчим хүчний экспортоос олохоор төлөвлөөд байгаагаа мэдэгдсэн байна. 

Тэгвэл АНУ-ын Засгийн газар Оросын байгалийн хий, газрын тосноос бүрэн татгалзаад байгаа бол Европын холбооны улсууд энэ ондоо багтааж Оросоос авч буй байгалийн хийн импортоо 70 орчим хувиар бууруулах амлалт өгөөд байна. Мөн Оросын байгалийн хийнээс татгалзаж буй улс орнууд АНУ, Норвеги, Австрали, Катар, Нигери зэрэг улсаас авч байгаа эрчим хүчний бүтээгдэхүүний хэмжээг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж буйгаа зарлаад байгааг мэргэжилтнүүд онцолжээ.