Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн дэд бүтцэд 33 тэрбум төгрөг зарцуулна

Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Дэлхийн 150 улс орны 5400 гаруй чөлөөт бүсийн 83-г нь 2000 оноос хойш нисэх буудлыг түшиглэн байгуулсан байдаг байна. Хөшигийн хөндий байгуулагдсанаар жилд 2.5 сая хүн тээвэрлэх боломжтой. Угтах үйлчилгээг нь хамт тооцвол жилдээ 7.5 сая хүнд үйлчилнэ гэж ажлын хэсгийнхэн тооцоолжээ.

Эдийн засгийн чөлөөт бүс дээр аялал жуулчлал, түүнийг дагасан дагалдах үйлчилгээ, мэдээлэл технологийн төв байгуулна. Олон улсын санхүүгийн үйлчилгээг бий болгосноор гадаад хөрөнгө оруулалтыг татах боломжтой.аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхийн тулд жуулчдын тоог 1-2 саяд хүргэвэл ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 7-10 хувьд хүрнэ гэж харжээ.

Барилга хот байгуулалтын яамнаас Шинэ зуун мод хот болон эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах хүрээнд төлөвлөлтийн ажил эхэлсэн. Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон дэд бүтцийн ажлын зураг төслүүдэд 2021 оноос хойш нийт 4.1 тэрбум төгрөгийг тусгажээ. Үүний дагуу зураг төслийг боловсруулах ажил хийж байгаа.  Ерөнхий төлөвлөгөөг ирэх сард Засгийн газраар батлуулах юм байна.

Дэд бүтцэд 33 тэрбум төгрөгийг зарцуулна. Хөрөнгө оруулалтаар нийтдээ зургаан төрлийн дэд бүтцийн ажлуудыг хийнэ. Урьдчилсан байдлаар инженерийн бэлтгэл хангахад найман тэрбум, ус хангамж эх үүсвэрийн шугам сүлжээ 19.8 тэрбум, мэдээлэл холбооны шугам сүлжээ хоёр тэрбум, цахилгаан хангамж таван тэрбум төгрөг зарцуулахаар байна.