Украины Буча хотод Оросын цэргүүдийн хоорондоо харилцаж байсан радио долгионы бичлэгийг Германы гадаад тагнуулын алба олж авсан талаар мэдээллийг “New York Times” агентлаг эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Германы тагнуулын алба уг материалаа лхагва гарагт парламентын гишүүддээ танилцуулсан юм байна.
“New York Times” агентлагийн мэдээлснээр Орос цэргүүдийн ярианы бичлэг тэднийг Бучад хядлага үйлдсэнийг баталж байгаа гэсэн байна. ОХУ-ын эрх баригчид Бучад аллага үйлдсэнээ үгүйсгэж, үүнийг Украины засгийн газрын зохион байгуулсан сөрөг суртал нэвтрүүлгийн арга хэмжээ гэж тайлбарлаж байгаа. Харин Германы тагнуулын олж авсан бичлэгт Оросын цэргүүд иргэдийг буудахаасаа өмнө яаж байцааснаа ярилцаж байжээ. Мөн гудамжаар дугуйтай явж байсан иргэнийг хэрхэн буудсанаа хоорондоо ярилцаж байсан гэжээ.Цэргүүдийн ярианы өнгөнөөс тэд энгийн иргэдийн амийг хөнөөснөө онцгой үйлдэл биш, өдөр тутам хийдэг зүйл шигээ ярьж байгааг мэдэрч болохыг Германы тагнуулын албанаас Парламентын гишүүддээ тайлбарласан байна. Мөн Германы тагнуулын алба Бучагийн аллагад Оросын “Wagner Group” хувийн компанийн хөлсний цэргүүд оролцсон тухай баримтыг олж авсан гэжээ. Тус бүлгийн хөлсний цэргүүд Сирийн дайнд оролцож байсан бөгөөд харгис зэрлэг байдал нь тухайн үед ил болж байсан юм байна. Өнгөрсөн долоо хоногт Африк тивийн Мали улсад 300 энгийн иргэний амийг бүрэлгэсэн хэрэг мөн илэрсэн юм. Тус улсад Wagner Group-ийн хөлсний цэргүүд үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй дээрх аллагад оролцсон тухай мэдээлэл гарсаар байна.
Пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Буча хотын захирагч Анатолий Федорук өдөр бүр энгийн иргэдийн цогцос нэмж илэрсээр байгааг мэдээлжээ. Тэдгээрээс 302-ыг нь хэн болохыг тогтоож чадсан байна. Одоо олон улсын хүний эрхийн байгууллагууд Оросын цэргүүдийн Украинд үйлдсэн “Дайны гэмт хэрэг”-ийн баримтуудыг цуглуулж байгаа юм байна.