ОХУ-ыг НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс хасжээ

Пүрэв гарагт НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганаар тус байгууллагын хүний эрхийн зөвлөлөөс ОХУ-ыг хасах тогтоолд санал хураалт явуулжээ. Украины нийслэлийн ойролцоох Буча хотод гарсан аллагын дараа уг санал хураалтыг зохион байгуулахаар болсон байна. 

47 гишүүнтэй хүний эрхийн зөвлөлийн дүрэмд “Хүний эрхийг бүдүүлгээр, системтэйгээр зөрчсөн тохиолдолд гишүүнчлэлээс хасах” тухай заасан байдаг юм байна. Санал хураалтад НҮБ-ын гишүүн 193 улсаас 175 улс оролцсоноос 93 нь ОХУ-ыг хасахыг дэмжиж, 24 нь эсэргүүцэж, 58 нь түдгэлзжээ.

Ийнхүү ОХУ нь НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс хасагдсан хоёр дахь улс болж байна. Үүнээс өмнө 2011 онд Муаммар Каддафийн дэглэм иргэдийнхээ эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарсны дараа Ливи улс тус зөвлөлийн гишүүнчлэлээ алдаж байсан юм.

Өмнөх хоёр санал хураалттай харьцуулахад энэ удаа илүү олон гишүүн түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь Ази, Африкийн олон орон дотооддоо хүний эрхийн зөрчилтэй байгаатай холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнчлэлээс хасах эсэхийг түдгэлзсэн саналыг оролцуулалгүйгээр нийт саналын гуравны хоёроос дээш хувиар шийддэг юм..

Тэгвэл ОХУ-ын байнгын төлөөлөгчийн орлогч Геннадий Кузьмин мэдэгдэхдээ, НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дэх үйл ажиллагааг нь зогсоох тухай тогтоол нь хүний эрхтэй ямар ч холбоогүй гэжээ. "Биднийг үндэслэлгүй буруутгаж байгааг бид эсэргүүцэж байна" гэж дипломатч мэдэгджээ. Харин Монгол улс энэ удаа түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн байна.