Манай улсын хувьд иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийн баталгаа болсон ТББ-ын үйл ажиллагаа нэлээд өргөн хүрээг хамарч, жилээс жилд хүрээгээ тэлж байгаа боловч тэдгээрийн үйл ажиллагаа, санхүүжилт ил тод байдал, тайлагналт, хяналтын тогтолцооны гажуудалтай байна гэж хууль тогтоогчид үздэг. Үндэсний статистикийн хорооны 2017 оны мэдээллээр 17685 Төрийн бус байгууллага бүртгэлтэй байсан. Үүнээс 51.5 хувь нь буюу 9107 нь үйл ажиллагаа явуулаагүй. Төрийн бус байгууллагуудын тайлангийн мэдээллээр 2019 онд ердөө 4476 Төрийн бус байгууллага Сангийн яаманд санхүүгийн тайлангаа өгчээ. Тэгвэл 1997 онд батлагдсан Төрийн бус байгууллагын тухай хуулиар ашгийн бус хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоон, холбогдох харилцааг зохицуулж байгаа ч төрийн бус байгууллагын тухай хуулийн зохицуулалт зарим харилцааг бүхэлд нь зохицуулах боломжгүй, зохицуулалтын хувьд бусад хуулиудтай зөрчилдөж байгаа учраас Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчлэн найруулж, Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Өөрөөр хэлбэл нийгмийн харилцааны өөрчлөлт, шинэчлэлээс хамаарч тухайн зохицуулалтыг нарийвчлах, улмаар хуулийн зохицуулалтыг сайжруулан шинэчлэн найруулаад тодорхой зохицуулалтыг тусгажээ. Уг хуулийн төслийг 2022 оны 1-р сард УИХ хэлэлцэж эхэлсэн.
Хэдийгээр Төрийн бус байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар зарим зохицуулалтыг хийж дэвшил дагуулж байгаа ч хуулиар дамжуулан иргэнийг нийгмийн орчныг хумьж байна гэж иргэний нийгмийн байгууллагууд үзэж байгаа. Учир нь хуулийн төсөл боловсруулахад иргэний нийгмийн байгууллагын оролцоог хангаагүй, иргэний нийгмийн орон зайг хумьж байна гэлээ. Тиймээс иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд Холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдээс татгалзах шаардлагыг хүргүүлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс 2022 оны 1-р сарын 6-нд завсарлага аваад байгаа юм. Харин УИХ-ын хаврын чуулганаар уг хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна.