Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлснээр ДНБ-ий хэмжээг 2 дахин нэмэгдүүлнэ

Цар тахлын хөл хорионы улмаас хил, гааль, боомтын үйл ажиллагаа хумигдсанаар Монгол улсын хөгжил, экспортод боомт ямар чухал нөлөөтэй болох нь тодорхой болсон. Тиймдээ ч хөгжлийг хязгаарлагч 6 хүчин зүйлсийн эрэмбээр боомтын асуудал 1-р шийдэх асуудал болсон. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлснээр экспортын  хэмжээг 2 дахин өсгөх боломжтой гэж тооцжээ. Боомтын сэргэлтийн бодлогын  хүрээнд төмөр зам барих, хурдны авто зам барих ажлыг хэрэгжүүлнэ.

Эрчим хүчний салбар аваарын нөхцөл байдалтай байгаа энэ үед дотоодын эрчим хүчний эх үүсвэрийг сайжруулах хөгжлийн төсөл хөтөлбөрт одоо үйл ажиллагаа явуулж байгаа дулааны станцуудын хүчин чадлыг өргөтгөх, сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох зэрэг эрчим хүчтэй холбоотой 22 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Хөгжлийг хязгаарласан дараагийн хүчин зүйл бол төрийн бүтээмж. Тиймээс төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төрөөс олгодог зөвшөөрлийн тоог 2 дахин бууруулж, төрийн үйлчилгээнд нэвтрүүлсэн цахим үйлчилгээний тоог нэмэгдүүлнэ. Мөн авлигын индексээр 35 оноо авч, 110 дугаар байранд орсныг 2 оронтой тоо руу буулгахаар зорьж байгаа.

Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд 100-120 их наяд төгрөг буюу төсвөөр илэрхийлбэл Монгол улсын 10 жилийн төсөвтэй тэнцэнэ. Төр үүнийг дангаар хэрэгжүүлэх боломжгүй учраас засгийн газраас “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төслийг УИХ-д 4-р сарын 5-нд өргөн барьсан.  

Чуулганы үеэр Монгол улсад хэрэгжүүлэх хэрэгжүүлэх шаардлагатай 10 гол ажлыг хэлэлцэн хэрэгжүүлж,  дараа жилийн “Монголын эдийн засгийн чуулган”-аар үр дүнд хүргэсэн байх зорилтыг тавьжээ.