21-р зуун гарснаас хойших Монгол улсад зохион байгуулагдсан хамгийн органик тэмцлүүдийн нэг гэж хэлж болох өнгө аясаар залуус “Монголдоо сайхан амьдаръя” уриатайгаар тэмцлээ. Тэд хэн нэгэн улс төрчийн нэрийг цохон дурдаж огцор гэсэнгүй. Харин гүйцэтгэх эрх мэдэл болсон Засгийн газрыг өмнөх ажлаа хийж, ард түмнийг сөхрүүлж буй голлох хэдэн асуудлыг шийдвэрлээд өг гэж цуглажээ.
Сайн дураараа эвлэлдэн нэгдсэн залуусын дунд бусдыг өдөөн турхирах зорилготой, эмх замбараагүй байдал үүсгэхийг санаархсан зорилготон байхыг үгүйсгэхгүй. Тэр тусмаа жагсагчдын дунд төрийн онцгой обьект руу гал асаан шидэх, эмх замбараагүй байдал үүсгэхийг завдаж байна гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас 4-р сарын 8-нд үүрийн 04:00 цагийн орчимд жагсаал цуглааныг албадан тарааж эхэлжээ. Энэ үед зарим иргэний биед хүч хэрэглэж, өшиглөсөн, чирсэн гэх асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.
Тэгвэл Засгийн газраас шаардлагынхаа хариуг нэхсэн залуучуудын жагсаал 4-р сарын 8-ны баасан гарагт дахин үргэлжилж, саатуулагдсан иргэдийг чөлөөлүүлэхээр өргөжжээ. Тодруулбал, залуучууд Засгийн газарт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн хөөргөдлийг яаралтай бууруулах, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлж, сугалааг болиулах, цэцэрлэгийн элсэлтийг сугалаагаар явуулахыг зогсоох, Нийгмийн даатгалын шимтгэл болон ХХОАТ-ын хэмжээг бууруулах зэрэг арга хэмжээ авахыг шаардсан юм.
Харин Монгол улсын Ерөнхий сайд 13:00 цагийн орчимд Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн шаардлагыг нээлттэй сонсож, эдгээр асуудлаар богино хугацаанд арга хэмжээ авах болно гэдгээ мэдэгдлээ.
Жагсаал цуглааныг албадан тараах үеэр цагдаагийн байгууллагад саатуулагдсан иргэдийг 15:00 цагийн байдлаар чөлөөлсөн байна. Үргэлжлүүлэн, залуучуудын тавьсан 15 зүйл бүхий шаардлагын дагуу Засгийн газар ээлжит бусаар хуралдсан. Харин Сүхбаатарын талбайд цугласан залуус тавьсан шаардлагынхаа хариуг сонсохоор хүлээцтэй хандаж байсан юм. Засгийн газар жагсагчдын тавьсан 15 зүйл бүхий шаардлагаас өөрийн эрх мэдлийн хүрээнд дангаар шийдвэрлэх боломжтой 11 зүйлийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Итгэл үнэмшлээрээ нэгдсэн залуусын тайван жагсаалын дуу хоолой Монгол улсын ерөнхийлөгч болон УИХ-д хүрсэн. Үүнтэй холбогдуулан УИХ үүсээд байгаа хямралт нөхцөл байдлыг шийдвэрлэх бодлогын шийдэл гаргах, төрийн хэмнэлтийн горимд шилжих чиглэлээр төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж эхэлжээ.