Үүрэгт ажлаасаа түдгэлзэх, ёс зүйн алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ хүлцэл өчих зэрэг улс төрийн энэхүү соёл, ёс суртахуун нь Азийн орнуудаас Япон улсын улс төрчдийн хувьд энгийн үзэгдэл гэж хэлж болно. Хамгийн сүүлийн жишээ татахад, 2021 онд Япон улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ёшихиде Сугагын том хүү Сейго Суга тухайн үеийн Засгийн газрын нэр бүхий улс төрчдийг оройн зоогоор дайлсан нь илчлэгдэж, ард иргэд нь хурцаар шүүмжлэхэд хүрч байсан юм. Уг явдалтай холбоотойгоор Япон улсын Ерөнхий сайд хүүгийнхээ хамт ард иргэдээсээ уучлалт гуйж, хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдэж байжээ.
Уг асуудалд нэр холбогдсон Япон улсын Засгийн газрын Олон нийттэй харилцах албаны дарга Макико Ямада тэргүүтэй бусад улс төрийн өндөр албан тушаалтай нийт 11 хүн төрийн албан хаагчдын ёс зүйн хариуцлага алдсанаа хүлээж өөрсдийн хүсэлтээр огцорсон байна. Мөн тэдгээр улс төрийн өндөр албан тушаалтнууд ажиллаж байсан хугацаандаа авсан нийт цалингийнхаа 60 хувийг өөрсдийн хүсэлтээр Засгийн газартаа эргүүлэн төлжээ. Түүнчлэн тухайн үеийн Ерөнхий сайд Ёшихиде Суга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэнтэй зэрэгцэн түүний бүрэн эрхийн хугацаа ч мөн дуусаж байсан юм.
Бас нэг жишээ татахад, Их Британийн Олон улсын хөгжлийн асуудал хариуцсан сайд Майкл Бейтс 2018 онд парламентын хуралдаанаас цөөн минут хоцорчээ. Тэрбээр цөөн минут хоцорсон нь сахилгын зөрчил гэж дүгнэж, албан тушаалаасаа огцрох хангалттай үндэслэл мөн гэдэгт итгэлт үнэмшилтэй байжээ. Тэрбээр огцрох шийдвэрээ гаргасныхаа дараагаар хийсэн мэдэгдэлдээ “Би бүхэл бүтэн 5 жилийн турш Засгийн газраа төлөөлөн парламентын асуултад хариулж ирсэн. Байх ёстой газраа хэрэгтэй үедээ байж чадаагүйдээ туйлын ичиж байна. Иймд огцрох хүсэлтээ гаргалаа” хэмээн мэдэгдэж байжээ.
Тэгвэл Молдав улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Кирилл Габуричийн дээд боловсролын гэрчилгээ, диплом зэрэг нь хуурамч болох нь 2015 онд илчлэгдэж байжээ. Тус улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ талаарх баримтуудыг дэлгэсэн тул удалгүй тэрбээр өөрийн хүсэлтээр огцорсон төдийгүй Англи, Франц хэлтэй гэж сонгуулийн сурталчилгааны үеэр ярьж байсан нь худал болохоо хүлээсэн байдаг.