Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авдаг байсан 2000 хүний шийдвэрийг цуцалжээ

Иргэдийн нэрлэж заншсанаар группийн мөнгө буюу хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг улсын хэмжээнд 2021 оны байдлаар 105 мянга гаруй хүн авч байна. Хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хувь хэмжээ, хугацааг тогтоолгосон иргэний 49.6 хувь нь хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар буюу бүрэн, 50.4 хувь нь 69 хүртэл хувиар буюу хагас алджээ. Тэгвэл 2021 онд хамтарсан ажлын хэсэг хөдөлмөрийн чадвар алдалтыг улсын хэмжээнд шалгаж, 66 мянган хүнийг хамруулсан. Гэтэл иргэдийн дунд баримт бичгийн бүрдэл дутуу, эмчид цаг тухай бүрд нь үзүүлээгүй, өөр харьяалал руу шилжсэн ч хуучин оршин суугаа хаягаараа бүртгүүлж тэтгэмж авсан зэрэг 3700 гаруй зөрчил бүртгэгдсэн байна.

Хөдөлмөрийн чадвараа алдаагүй ч хуурамч бичиг баримт бүрдүүлж группийн мөнгө авдаг, эрүүл хүнийг хуурамчаар магадлахдаа авлига авсан тухай гомдол холбогдох байгууллагад ирдэг байна. Тэгвэл хууль бусаар тэтгэвэр, тэтгэмж тогтоолгосон бол зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Засгийн газрын 2021 онд баталсан 67 дугаар тогтоолоор хариуцлагыг тодорхой болгожээ.

Зөрчилтэй 2000 гаруй хүний шийдвэрийг цуцалснаар тэтгэврийн сангийн зардлыг 17 тэрбум төгрөгөөр хэмнэжээ.