Улсын их хурал дахь Монгол ардын нам, Ардчилсан намын бүлгүүд хуралдлаа. Ардчилсан намын бүлэг төсөвт тодотгол хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа бол Монгол ардын намын бүлэг хоёр асуудал хэлэлцэж, хэмнэлтийн горимыг дэмжин мөн л төсөвт тодотгол хийх ёстой гэсэн байр сууринд нэгджээ.
Намуудын бүлгийн хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагч залуусын шаардлага болон үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн байна. Мөн гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх хуулийн төслийн хүрээнд байгуулагдсан УИХ-ын ажлын хэсэг төлөвлөгөөгөө танилцуулжээ. МАН-ын бүлгийн гишүүд гол нэрийн бүтээгдэхүүний үнийг барихаас гадна төсвийн тодотгол хийх шаардлагатай гэж үзсэн байна. Харин Ардчилсан намын бүлэг “Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, ханш өссөн нь ямар ч үр дүнгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсэнтэй холбоотой. 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн тайланг тавиагүй байгаа. Энэ асуудал дээр ажлын хэсэг гаргаж ажиллахаар болж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Энэ удаагийн төсвийн тодотголоор бага зардлаар хийх бүтээн байгуулалт, бусад ажлуудын зардлыг танахгүй. Харин хөрөнгө оруулалт, урсгал зардал, гадаад зээлийг хамарсан томоохон таналт явагдана гэсэн хүлээлт байгаа гэдгийг УИХ-ын төсвийн байнгын хорооны дарга онцлон хэлжээ.