Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Улсын их хурал дахь Монгол ардын нам, Ардчилсан намын бүлгийн дарга нар, зарим байнгын хорооны дарга нартай уулзлаа. Тэрбээр УИХ, засгийн газар асуудал үүссэний дараа арга хэмжээ авах биш, урьдчилан тооцоолж, төлөвлөх зарчмаар ажиллаж, иргэдийг үнэн зөв, бодит мэдээллээр хангах ёстойг хатуу анхааруулсан байна.
Тэрээр нэн тэргүүнд гадаад хүчин зүйлээс үүдэлтэй хүнс, шатахууны хомсдол, тээвэр логистикийн саатал, валютын ханш, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэг асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг хэлжээ. Мөн төсвийн тодотгол хийх замаар төсөв, хөрөнгийн нөөц боломжтойгоо уялдуулан асуудлыг шийдвэрлэх, төрийн бүх шатанд хариуцлагын тогтолцоог чангатгаж, түргэн шуурхай, дорвитой арга хэмжээ авахыг сануулсан байна. УИХ дахь Ардчилсан намын гишүүдтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгч хүнсний үйлдвэрлэгч хувийн хэвшлүүдээ дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг өргөжүүлэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийн тулд Засгийн газарт шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ.
Монгол улсын Ерөнхийлөгч, дэлхий даяараа цаашид ч түүхий эд болон хүнсний үнэ өсөх, тээврийн зардал нэмэгдэх, нийлүүлэлтийн доголдол үргэлжлэх хандлагатай байгаа тул урьдчилан тооцоолж, төлөвлөх зарчмаар ажиллахыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд, УИХ дахь МАН, АН-ын бүлгийн удирдлагуудад сануулж байсан юм.