Мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Алс Дорнодын Восточный сансрын буудлын бүтээн байгуулалттай танилцах үеэрээ Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааныхаа талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Бид зорилгоо биелүүлэх хүртэл Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагааг зогсоох бодолгүй байна” хэмээн мэдэгджээ
Украинд явуулж буй “Цэргийн тусгай ажиллагаа” нь Оросын үндэсний аюулгүй байдлыг хангах, Донбассын бүс нутгийн ард иргэдийг ялгаварлан гадуурхалт, харгислалаас хамгаалах зорилготой бөгөөд зорилгоо биелүүлэх бүрэн боломжтойг Владимир Путин мэдэгджээ.
Мөн Өрнөдийн орнууд эдийн засгийн хориг арга хэмжээгээр Оросыг дэлхийн тавцанд ганцаардуулж чадахгүйг анхааруулсан байна. “Өнөөдрийн дэлхий дахинд ямар ч улс орныг, ялангуяа Орос шиг их гүрнийг ганцаардуулах, тусгаарлах боломжгүй. Бидэнд хамтарч ажиллах түншүүд олдоно” гэж Путин хэлжээ.
Украинд дайн эхэлсэн цагаас хойш Путин анх удаа нийслэл Москвагаас гадагш аялсан нь энэ юм. Тэрбээр Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт Алс Дорнодод иржээ. Путин сансрын нисгэгчдийн өдрийг тохиолдуулан Восточныйд зочилсон бөгөөд 61 жилийн өмнө Юрий Гагарин анх удаа сансарт нисэж байсан юм. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский НАТО-гийн болон Европын холбооны гишүүн Литва улсын парламентын чуулганд видео холбоогоор оролцож, үг хэлсэн байна. Энэ үеэр тэр Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгахыг Европын холбоонд уриалж, одоо авч хэрэгжүүлээд байгаа хүчгүй алхам нь Москвагийн эрх баригчдыг зоригжуулж, эзлэн түрэмгийллээ цааш үргэлжлүүлэх нөхцөл болж байгааг анхааруулжээ. “Европ худалдаа, хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх сонирхолтой байгаа тул шийтгүүлэлгүй өнгөрөхөө тэд мэдэж байгаа” гэж хэлсэн Зеленский Оросын бүх банкнуудыг хоригт оруулж, газрын тосны импортыг нь бүрэн зогсоохыг уриалсан байна.