Сонгуулийн автоматжуулсан системийг шинэчлэх төсвийг 2023 оны улсын төсөвт тусгуулахаар төлөвлөжээ

Өнгөрсөн хугацаанд 10 удаагийн сонгуульд үүргээ гүйцэтгэсэн сонгуулийн автоматжуулсан системийг шинэчлэх асуудал яригдаж эхлээд байна. Одоо ашиглагдаж байгаа санал тоолох төхөөрөмжүүдийг 2012 оны сонгуулиар нэвтрүүлсэн юм. Тэгвэл  программ хангамжийн хувьд шинэчлэх төсвийг ирэх оны улсын төсөвт тусгахаар төлөвлөжээ.

УИХ-ын 2008 оны сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, 7-р сарын 1-ний үймээн болсноор энэ үеэс хойш орчин үеийн программ хангамжийг шат шатны сонгуульд нэвтрүүлэхээр болсон. 2011 онд сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн төслийг эцэслэн баталснаар 2012 оны УИХ-ын сонгуульд анх удаа сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлж, өдгөө УИХ, Орон нутгийн хурлын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль гээд 10 сонгуулийн үр дүнг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр гаргажээ.

Одоо мөрдөгдөж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн нийт хэсгийн хорооны 50 хүртэл хувьд сонгуулийн саналын хуудасны хяналтын тооллого хийхээр хуульчилсан. Харин цаашид сонгуулийн ямар ч автоматжуулсан систем нэвтрүүлсэн УИХ-ын сонгуулийн саналын хуудасны хяналтын тооллогыг 100 хувь болгох шаардлагатайг онцолж байна.  

2012 оны УИХ-ын сонгуульд сонгуулийн автоматжуулсан систем нэвтрүүлж, техник хэрэгсэл хэрэглэх зардалд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулж байжээ.