Татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн 30 гаруй хувь татварын өртэй байна

Бизнесийн орчны судалгаагаар аж ахуйн нэгжүүдийн 79.7 хувь нь бизнесийн зээлийн хүүг бууруулах, зээлийн нөхцөлийг сайжруулах, татварын бодлогоор дэмжих нь чухал гэж үзсэн байдаг. Тэгвэл татварын тайлан гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд алдаатай тайлан гаргаснаасаа болж алданги хүлээх эрсдэлд ордог гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээлж байна.

Судалгаагаар цар тахлын үед буюу 2020 онд нийт 132 мянган ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь Х тайлан ирүүлсэн байна. Үүнээс 34 мянган нь тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч, мөн тооны аж ахуйн нэгж орлогогүй болсныг харуулж байгаа юм. Тэгвэл Татварын ерөнхий газар цахимд шилснээр бизнест эерэг өөрчлөлтүүд бий болсон байна. Бизнесээ шинээр эхлүүлж, зах зээлд нэвтрэх, бизнесийн үйл ажиллагааг холбогдох байгууллагад бүртгүүлэх, бизнес эрхлэхэд шаардагдах эрх, зөвшөөрөл авах үйл явцыг энгийн, хялбар, ойлгомжтой болгосон нь нөлөөлжээ.

Татварын бодлого уян хатан байснаар аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжууд бүрдэг. Энэ хэрээрээ бизнесийн орчин сайжирч, татвар төлөлт дагаад өсдөг байна. Жишээлбэл Рио Тинто групп 2010-2021 онуудад манай улсад нийт 3.3 тэрбум ам.долларын татвар, төлбөр, хураамж төлсөн байна.

Манай улсад татвар төлөгч нийт 191 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 102-103 мянга нь тайлангаа цаг тухайд нь гаргаж өгдөг. 90 гаруй мянга нь тайлангаа гаргаж өгөхгүй байна гэсэн үг. Тайлангаа ирүүлж байгаа 40 орчим мянган аан ашигтай тайлан ирүүлдэг. Өнөөдрийн байдлаар татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн 30 гаруй нь татварт өртэй байна.

Олон улсын практикаас харахад татвараас бүрдүүлсэн орлого бүх орлогын эхэнд эрэмбэлэгддэг. Жишээлбэл, аливаа аж ахуйн нэгж дампуурлаа гэхэд хамгийн түрүүнд татварын орлогыг нь цуглуулж авдаг байх жишээтэй. Япон улс хамгийн өндөр хэмжээнд татварын орлогыг бүрдүүлж ажилладаг. Гэтэл манай улсад татварын орлого бүрдүүлэлт өндөр хувьтай байж чаддаггүй хэвээр. Тиймээс хуулийн хүрээнд олон улсын жишигт ойртож ажиллах нь чухал гэж байна.